ЭЦА: Зүгээр битгий хая!!!
Манай улсын хэмжээнд жилд дунджаар 3,5 сая тонн хог хаягдал үүсдэг. Улаанбаатар хотоос 42,5% нь буюу 1,4 сая тонн нь үүсч байна. Нийт хог хаягдлын 3% нь буюу 105,000 тонн нь гялгар уутны хаягдал юм. Манай улсад нийт гялгар уутны хаягдлын 4% ч хүрэхгүйг нь дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үлдсэн хувь нь хог хаягдлын төвлөрсөн цэгт эсвэл ил задгайгаар хаягдаж байгаль орчныг бохирдуулсаар байна.
Гялгар уутны хэрэглээ нь бидний амьдралыг маш ихээр хөнгөвчилж, хэрэглээний амар хялбар байдлыг бий болгодог ч хаягдал болсоны дараа байгальд 200-1000 жилийн хугацаанд шингэхгүйгээр хөрсний бохирдол, элэгдэл, цөлжилтөд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болдог.
Гялгар уут нь бидний амьдралд 12 минутын турш хэрэглэгддэг ч хэдэн зуун жил шинж чанараа алдалгүйгээр байгаль, хүрээлэн буй орчныг бохирдуулж байна. Бидний хэрэглээ бүхэн амьдралыг хялбарчладаг ч бид байгаль орчноо байгалийн нөөцийг хэмнэн хайрлан хамгаалах хэрэгтэй.
Эх сурвалж: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА
|