Д.Трамп, Ш.Абэ нар өнөөдөр хоёр талын дээд хэмжээний уулзалт хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Токио дахь айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хоёр талын дээд хэмжээний уулзалт хийнэ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.
Умард Солонгос ба худалдааны асуудал хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээний гол сэдэв байх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Азийн таван улсад хийх айлчлалаа ням гарагт Японоор эхлүүлж, Токиогийн баруун хэсэгт орших Йокотагийн агаарын цэргийн хүчний баазад буусан юм. Д.Трамп АНУ-ын төрийн тэргүүн болсноосоо хойш Японд анх удаагаа айлчилж байгаа нь энэ билээ.
АНУ болон Япон улс сайн харилцаатай байх нь маш чухал болохыг тэрбээр тус баазад америк цэргүүдтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэсэн байна. Мөн Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн талаар тэрбээр дурдаад “Ямар ч дарангуйлагч, ямар ч дэглэм, ямар ч улс орон АНУ-ыг басамжлах учиргүй” гэжээ. Энэ уулзалтын дараа тэрбээр Ш.Абэтэй гольф тоглож, оройн зоог барьсан байна.
Өнөөдөр АНУ-ын төрийн тэргүүн хоёр улсын томоохон корпорациудын удирдагчидтай уулзаж, үг хэлэх аж. Мөн тэрбээр Япон дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд болон тэдний ар гэрийнхэнтэй уулзахаар төлөвлөжээ. Дараа нь тэрбээр тэргүүүн хатагтай Меланигийн хамт Токио хот дахь хааны ордонд Японы эзэн хаан болон хатанд бараалхах ажээ.
Монцамэ