Буриадын тэргүүн В.Путинд Монголын тухай илтгэлээ
ОХУ-ын тэргүүн Владимир Путин өчигдөр /2022.05.31/ Буриадын тэргүүн Алексей Цыденовтой онлайн уулзалт хийлээ.
А.Цыденов Буриадын эдийн засаг, нийгмийн талаар танилцуулсныхаа дараа В.Путинд Монголын тухай онцгойлон илтгэжээ.
А.Цыденов “Владимир Владимирович, танд би Монголын талаар ярьмаар байна. Бид монголчуудтай түүхийн хувьд ойрхон, хиллэдэг хөршүүд. Буриадад сүүлийн үед олон улсын түвшинд идэвхтэй ажиллаж, соёлын солилцоо хийж, эдийн засгийн төслүүд хэрэгжүүлэн, хэд хэдэн төсөл эхлүүллээ. Дөрөвдүгээр сард би их дээд сургуулийн ректоруудаа Монголд илгээж, хүүхдүүд, эцэг эх, багш нартай уулзуулж, судалгаа хийлгэлээ. Манайд монгол оюутнуудыг хүлээн авах хэрэгцээ байна, боломж ч байна. Монголд хөдөө аж ахуй, малын эмч, эрүүл мэнд, машин, барилгын мэргэжилтнүүд шаардлагатай байгаа бол Буриадад энэ бүх төрлөөр сургууль, багш нар бий.
Монголтой тогтоосон энэ харилцаагаа бэхжүүлэхийн тулд Буриадын их, дээд сургуулиудын бааз дээр Монголын оюутнуудад зориулсан орчин үеийн оюутны хотхон байгуулах саналтай байна. Хятадын хойд хэсэг, Солонгосоос ч оюутан авч болох юм. Боловсролын яаманд хөрөнгө байгаа. 2023-2025 онд шинэ бүтээн байгуулалт хийх төслийг одоо хүлээн авч байна. Би орчин үеийн оюутны хотхон байгуулах санал гаргасан, гэхдээ мэдээж таны зөвшөөрөл хэрэгтэй байна. Владимир Владимирович, 2017 онд та Буриадад ирэхдээ надад “Алексей, Буриад бол жирийн биш улс шүү, гэхдээ хүмүүс нь их сайн хүмүүс” гэж хэлж байсан. Владимир Владимирович үнэхээр манай буриадууд сайн хүмүүс шүү.
В.Путин “Таны гаргасан саналыг би ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулна. Москвад хэлэлцэх болно. Юуны өмнө Буриадад орон сууцнууд их хуучирсан, хүмүүс аюултай нөхцөлд амьдарч байна. Энэ асуудлыг шийдээрэй. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд амжилттай байгаа ч танайд ажилгүйдэл их байна. Ажлын байр, зах зээлд анхаараарай. Буриадууд авьяастай, гарын дүйтэй хүмүүс, тэдэнд ажил л олж өгөх хэрэгтэй. Амжилт хүсье.
Эх сурвалж: zindaa.mn
|