Хятад улс батлан хамгаалахын шинэ сайдаа томилжээ
Олон сарын турш эзгүй байсан Хятадын батлан хамгаалахын сайдын суудал эзэнтэй болжээ.
Баасан гарагт Бээжин хотод болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны хуралдаанаар тус улсын тэнгисийн зэвсэгт хүчний командлагч асан Дун Жюнийг батлан хамгаалахын сайдаар томилсон байна.
Өмнөх сайд Ли Шанфү хэсэг хугацаанд олны өмнө ил гаралгүй байсны дараа хоёр сарын өмнө албан ёсоор огцорсон юм.
Энэ онд Хятадын эрх баригчид хоёр гол сайдаа тодорхойгүй шалтгаанаар огцруулсан. Нөгөөх нь гадаад хэргийн сайд Чинь Ган байлаа.
Эдгээрээс гадна төрийн өмчит агаарын хүчний технологийн компанийн гурван өндөр албан тушаалтан саяхан огцорсон юм.
Одоо 62 настай Дун Жюнь 2021 оны наймдугаар сард тэнгисийн зэвсэгт хүчний командлагчаар томилогдож байжээ.
Өмнө нь тэр Хятадын Өмнөд Цэргийн Тойргийн дэд командлагчаар ажиллаж байсан юм. Энэ тойрогт газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутаг харьяалагддаг.
АНУ-Хятадын харилцаа сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрс муудаад байгаа нь 2022 онд Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси урьдчилан зарлалгүйгээр Тайваньд айлчилсантай холбоотой.
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт хоёр улсын зэвсэгт хүчин харилцаа муудсанаас хойш анх удаагаа өндөр түвшинд утсаар харилцсан юм.
Сүүлийн саруудад хоёр улсын хооронд харилцаагаа хэвийн болгох зорилготой алхмууд үргэлжилж байна. Арваннэгдүгээр сард Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Калифорнид уулзахдаа зэвсэгт хүчин хоорондын харилцаа холбоог сэргээхээр тохиролцсон юм.
Эх сурвалж: BBC