Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Трамп Хятадтай худалдааны дайн зарлахаар зэхэв

2017 оны 12 сарын 01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа мягмар гарагт Хятадын эсрэг худалдааны шинэ дайралт сэдлээ. Ингэснээр 1985 оноос хойш анх удаа томоохон түншийнхээ демпингийн бодлогод мөрдөн байцаалт эхлүүлж байгаа нь энэ юм. Уг алхам худалдааны дайны эхлэл болж магадгүй гэсэн болгоомжлол хэдийнэ үүсээд байна. Хятадаас ирдэг хөнгөн цагааны импортод демпингийн эсрэг мөрдөн байцаалт явуулахаар ийнхүү шийдсэн нь дотоодын үйлдвэрлэгчдээс албан ёсны хүсэлт авалгүйгээр Худалдааны яам өөрөө санаачилсан алхам юм. Хамгийн сүүлд Рейганы засаг захиргааны үед Японы хагас дамжуулагчийн импортод ийм шалгалт хийж, хоёр талын харилцаанд хурцадмал байдал үүсэж байлаа.

Мөн өдөр Худалдааны яам 1991 оны Канадын модны импортын хэргээс хойш анх удаа Хятад улс металл хавтангийн үйлдвэрүүддээ хууль бус татаас олгож буй үйлдлийг судлахыг өөрийн санаачилгаар эхлүүлэв. АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс энэ талаар “Ерөнхийлөгч Трамп анхны өдрөөсөө эхлэн худалдааны шударга бус практикийг тэвчихгүйгээ илэрхийлсэн. Тэрбээр Америкийн бизнес, ажилчид, фермерүүдэд манай худалдааны хуулиудыг төгс хэрэгжүүлэхээ амласан. Өнөөдрийн алхам бол Америкийн ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэхээр зорьж байгааг харуулна” хэмээн мэдэгдэв.

Питерсоны эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Чад Баун “Демпингийн эсрэг нөхөх татвар хэрэглэх нь АНУ-ын Засгийн газрын хувьд хэвийн арга хэмжээ. Харин энэ талаар мөрдөн байцаалтыг өөрийн санаачилгаар эхлүүлж буй засаг захиргаа импортын хаалт тавих бодлогоо хүчтэй илэрхийлж буй хэрэг юм. Трампын засаг захиргаа АНУ-ын аж үйлдвэрүүдийг өөрсдөө хүсэлт гаргахыг хүлээсэнгүй. Америкийн компаниуд үүнийг хүсээгүй байлаа ч гэсэн засаг захиргаа импортын хаалт тавих хүслээ харууллаа” хэмээн тайлбарласан байна. Ноён Росс хэлэхдээ, Худалдааны яам Америкийн хөнгөн цагаан үйлдвэрлэгчидтэй хамтран асуудлыг боловсруулсныг тэмдэглэсэн. Энэхүү арга хэмжээг зарлахад АНУ-ын Аж үйлдвэрийн холбооны тэргүүн байлцав.

Ноён Трамп саяхан Хятадад айлчлах үед ноён Ши Жинпинь хоёр талын харилцааг найрсаг гэж тодорхойлохыг оролдон, хоёул улам бүр гүнзгий хувийн харилцаа тогтоолоо хэмээн зарлаж байснаас хэдхэн хоногийн дараа ийм алхам хийгдлээ. Гэвч ноён Трамп худалдааны өөр асуудлаар арга хэмжээг хойшлуулсан гэдэг шүүмжлэл хүлээж буйн дотор Бээжинг валютын луйвар хийдэг хэмээн албан ёсоор зарлах амлалтаа хэрэгжүүлээгүйг сануулдаг.

Түүний захиргаа алхмаараа Бээжингийн талаар хатуу шугам баримтлахаа харуулахын сацуу Америкийн эдийн засгийн үндсэрхэг үзэлтнүүдийн хүсэж байгаачлан өдөөн хатгасан ийм арга хэмжээ авснаар худалдааны дайнд хүргэж болзошгүй гэж зарим хүн болгоомжилж байна. Өнгөрсөн хавар эхлүүлсэн Хятадын экспортыг хазаарлах зорилготой хөнгөн цагаан болон гангийн импортын талаар үндэсний аюулгүй байдлын мөрдөн байцаалтын үр дүн ирэх нэгдүгээр сараас харагдах ёстой гэж албаныхан үзэж байгаа. Түүнчлэн Хятадын оюуны бүтээлийн хулгай болон гадаадын хөрөнгө оруулагчдыг гол технологио шилжүүлэхийг шахдаг журмын талаар өөр мөрдөн байцаалт үргэлжилж, удахгүй хариу арга хэмжээ авахаар хүлээгдэж буй.

АНУ-ын Конгресс тус улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтад тавих хяналтаа чангатгах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Энэ нь Хятад улс хагас дамжуулагч зэрэг стратегийн ач холбогдолтой салбарыг ихээхэн сонирхох болсонтой холбоотой юм. Мягмар гарагийн арга хэмжээ Трампын захиргаа Вашингтон дахь худалдааны хуучин бодлогоос холдож буйн илрэл. Татаас ба демпинг буюу экспортын бүтээгдэхүүний зах зээлийг эзлэх зорилгоор өөрийн өртгөөс доогуур худалдах практикийн талаар судалгааг голдуу тухайн салбарынхны хүсэлтээр явуулдаг. Учир нь АНУ энэ талаарх худалдааны түншүүдийнхээ санал гомдолд хариулахдаа Худалдааны яамны шийдвэр хагас хуулийн болон технократ шинжтэйг дурдаж цааргалдаг байв.

Гэвч АНУ-ын захиргааны санаачилгаар мөрдөн байцаалт эхлүүлсэн нь дээрх шалтгийг арилгаж, Худалдааны яам өөрөө уг маргаанд шийдвэрлэгч нэг тал болон оролцох гэж буйг нотлов. Ноён Росс тус яамны цуглуулсан баримтаас үзэхэд Хятадын үйлдвэрлэгчид хөнгөн цагааны хавтанг АНУ-д шударга өртгөөс доогуур үнээр борлуулж, Бээжин уг экспортод хууль бус татаас олгож буй нь АНУ-ын компаниудыг хохироодог хэмээв. 2016 онд АНУ-д Хятадаас импортолсон ийм бүтээгдэхүүний нийт өртөг 600 сая ам.доллар байсан аж. Албаныхан мөрдөн байцаалтын явцад хэвийн импортын үйл явцыг харьцуулан судлаад ирэх оны дундуур татвар ногдуулах эцсийн шийдвэр гаргах юм.

Худалдааны яам мягмар гарагт Хятадаас оруулдаг багажний хайрцаг болон шүүгээнд 96 хувийн цээрлүүлэх татвар ногдуулахаа зарлажээ. Түүнчлэн Канадын зөөлөн модны импортод шинэ татвар тогтоосныг Канадын Засгийн газар эсэргүүцэж, Дэлхийн худалдааны байгууллагад зарга мэдүүлэхээ мэдэгдсэн байна.

Шон Доннан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
50533
3 эможи
keyboard_arrow_up