Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Трамп Ойрхи Дорнодыг дахин хилэгнүүлэв

2017 оны 12 сарын 06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Израилийн нийслэлээр Иерусалимыг хүлээн зөвшөөрч болзошгүй нь тус бүс нутагт шинэ мөргөлдөөн өдөөхөд хүргэх нь. Араб дахины дүргүйцлийг АНУ-ын төлөвлөгөө улам бадрааж байна.

Тус улсын ЭСЯ-ыг Тель-Авиваас Иерусалимд шилжүүлнэ гэж мэдэгдэхдээ Д.Трамп хойшлуулна хэмээн ажиглагчид таамаглаж буй юм. Учир нь уг шийдвэрийн улмаас гарч болзошгүй уршгийг палестинчууд, Арабын улсуудын холбоо, тэрчлэн Турк, Иорданы удирдагчид анхааруулсан гэнэ.

Израиль, Арабын хөрш орнууд хоорондын харилцааны хамгийн хурц асуудлуудын нэг нь Иерусалим юм.

Израилийн Засгийн газар Д.Трампын хийж магадгүй мэдэгдлийн талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Тель-Авиваас Иерусалим руу ЭСЯ-аа шилжүүлэхээс татгалзсан баримт бичигт гарын үсэг зурах хугацаа өнгөрсөн даваа гаригт дуусчээ.

1995 онд Конгресс нь ЭСЯ-аа шилжүүлэх шийдвэр гаргаснаас хойш АНУ-ын бүх Ерөнхийлөгч, тэдний дотор Д.Трамп уг баримт бичигт гарын үсэг зурах ёстой юм. Сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Д.Трамп ЭСЯ-аа шилжүүлнэ хэмээн нэг бус удаа амласан билээ. Тэрбээр өнөөдөр хийх мэдэгдэлдээ Иерусалимыг Израилийн нийслэл гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн ч тус яамыг нүүлгэх ажлаа хойшлуулахаа зарлаж магадгүй.

Иерусалимын статус нь Израиль, Палестин хоорондын мөргөлдөөнтэй шууд холбоотой. Палестины засаг захиргааг Арабын орнууд болон исламын ертөнц бүхэлдээ дэмждэг юм.
Энэ хот, ялангуяа зүүн хэсэг нь иудаизм, ислам, христ гэсэн гурван шашны хувьд ариун газарт тооцогддог билээ. Израиль энэ хэсгийг 1967 оны Ойрхи Дорнодын дайны үеэр эзлээд, түүнээс хойш өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг болсон. Палестинчууд ирээдүйн улсынхаа нийслэлийг Зүүн Иерусалим хэмээдэг юм.

1993 оны энхийн хэлэлцээрт зааснаар тус хотын статусыг энхийн хэлэлцээний дараагийн шатанд авч үзэх ёстой.

Иерусалимыг Израиль эзэмших ёстой гэж олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөөгүй. Бүх улс, тэдгээрийн дотор Израилийн ойрын холбоотон АНУ төлөөлөгчийн газраа Тель-Авивт нээсэн байдаг.

1967 оноос хойш Израиль Зүүн Иерусалимд хэдэн арван хороолол босгосонд 200 мянга орчим иргэн нь аж төрж буй. Олон улсын хуульд зааснаар суурин барьсан нь хууль зөрчсөн хэрэг боловч Израилийн эрх баригчид өөрийгөө хамгаалсаар иржээ.

Хэрэв АНУ Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрвөл энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийг сөргөлдөөнд дуудсан хэрэг болох юм. Үүний сацуу АНУ-ын тийнхүү зарлавал Иерусалимын зүүн хэсэг дэх суурин хуульд нийцнэ гэсэн Израилийн байр суурийг бэхжүүлнэ.

Уг шийдвэр мөн эл асуудлаар НҮБ-ын гаргасан тогтоолыг АНУ биелүүлэх, эсэхийг илтгэх юм. АНУ хориг тавих эрхтэй бөгөөд гаргасан шийдвэр нь Иерусалим хотын зүүн хэсэгт Израилийн Засгийн газраас явуулж буй ажлыг цаашид хэрхэн авч үзэхэд ашиглагдана.

Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотнууд Иерусалимын статусын тухай мэдэгдлийг тэсэн ядан хүлээж байна. Исламын ариун газар хяналтад нь байдаг Иорданы мэдэгдсэнээр Д.Трампын үйлдэл сөрөг үр дагаварт хүргэхийг анхааруулжээ. Тус улсын санаачилгаар Арабын улсуудын холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллагын оролцоотойгоор яаралтай зөвлөгөөн хийсэн билээ. АНУ Израилийн тал шийдвэр гаргавал хүчирхийлэл газар авахад хүргэхийг Арабын улсуудын холбооны тэргүүн Ахмед Абуль Гейт мэдэгдсэн байна. Тэгвэл Туркийн Ерөнхий сайдын орлогч Бекир Бозда “Эмзэг ертөнцийг устгах, шинэ мөргөлдөөн өдөөх асар том гамшиг болно” гэж мэдэгджээ. Үүссэн нөхцөл байдлыг шийдэхэд оролцохыг Палестины удирдагч Махмуд Аббас Дэлхийн удирдагчдад уриалсан байна.

АНУ хэдэн арван жилийн турш энхийн хэлэлцээнд оролцсон. Д.Трампын засаг захиргаа одоо ч энхийн хэлэлцээрийн шинэ хэлэлцээг хийлгэхээр ажиллаж байгаа. Гэсэн ч Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрөх нь Вашингтон палестинчуудын нүдэн дээр байр сууриа алдахад хүргэх юм.

З.Амгалан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50766
0 эможи
keyboard_arrow_up