Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сөүлтэй “Эвлэрэх“ дохиотой, АНУ-д анхааруулгатай Ким Жөн Уны шинэ оны мэндчилгээ

2018 оны 1 сарын 02

Өмнөд Солонгосын Пёнчан хотод удахгүй болох өвлийн олимпийн наадамд манай улс төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө буюу өнөө өглөө ард иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ хэлжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Кимийн энэ мэдэгдэл нь Сөүлийн хувьд “гэнэтийн бэлэг” байлаа. Учир нь Умард Солонгос Пёнчаны олимпийн наадамд тамирчдаа оролцуулвал “Хоёр Солонгосын харилцаа сайжирч, Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж магадгүй” гэж Сөүл найдаж байгаа юм.

Ким Жөн Ун өнөө өглөө телевизээр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өмнөд Солонгост болох өвлийн олимпийн наадам бол манай улсын хувьд сайхан боломж юм. Энэ өвлийн олимп амжилттай болно гэж бид найдаж байна. Манай улс энэ олимпод оролцох асуудлаар Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэжээ.

Өмнөд Солонгос нь нийслэл Сөүл хотоосоо зүүн зүгт 180 км зайтай орших Пёнчан хотдоо энэ оны хоёрдугаар сарын 9-25-нд өвлийн олимпийн наадмыг, гуравдугаар сарын 9-18-нд паралимпийг зохион байгуулах юм.

Энэ наадамтай давхцаж байгаа учир жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтуудаа хойшлуулах саналыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д тавиад байгаа билээ.

Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг “өдөөн хатгалга”, “дайны бэлтгэл” гэж Пхеньян үзэж, буруутгасаар ирсэн юм.

 Ким Жөн Ун цааш нь ярихдаа “Энэ онд БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Харин Өмнөд Солонгос өвлийн олимп зохион байгуулна. Энэ он бол хоёр Солонгосын хувьд чухал жил” гэжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгостой “эвлэрэх” агуулгатай үг хэлсэн хэдий ч АНУ-д “Та нар бидний эсрэг хөдөлж чадахгүй” гэж басамжлан анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ “Манай улс АНУ-д цохилт өгч чадах хэмжээний хүчин чадалтай цөмийн зэвсгүүдтэй болсон. Цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр байна. Дарахад хэзээд бэлэн” гэжээ. Мөн тэрбээр “Бид цөмийн гүрэн болох зорилгодоо  2017 онд хүрсэн. Одоо бид цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужинг олноор нь үйлдвэрлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн байна. 

Умард Солонгос өнгөрсөн онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг зөрчин зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийж, 20 удаа баллистик пуужин харвасны гурав нь тив алгасах баллистик пуужин байсан юм.

 

Эх сурвалж: montsame.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51721
1 эможи
keyboard_arrow_up