Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Утаан дундах Ази тив

2018 оны 2 сарын 20

Arslan.mn

Цагаан сар ба хар утаа

Агаарыг бохирдолтой хийж буй манай эрх баригчдын тэмцэл гэр хорооллынхонд дулаалгаа сайжруулах үүрэг чиглэл өгч, сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч тарааж, УИХ, Засгийн газрын гишүүд утаагүй зуухтай танилцах аялал хийснээр өндөрлөх тийшээ хандаж байна. 

Харин хотын утаа бахь байдгаараа бөгөөд төр засгийн шийдлээр бус дөрвөн уулын салхи, жаврын аясаар цэлмэж нэг, бүрхэж нэг манарсаар өвлийн сүүл сартай золгов. Хэдхэн хоногийн дараа хаврын тэргүүн сар гарна. Цагаан сарын золголт үргэлжилсээр, гуравдугаар сартай золгож, урь унаж ус гэсэхүйд Улаанбаатарынхан өнөө айхтар утаагаа таг мартсан байх болно. 

Бээжин үйлдвэрүүдээ нүүлгэж, Сөүл, Шинэ Дели тээврийн хэрэгслээ хязгаарлав

Тэр цагт төр, засгийнхны ажлын тайланд утааг 100 хувь арилгалаа гэсэн мэдээ хавчуулагдахыг ч үгүйсгэхгүй. 

Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатарын ч бус дэлхийн томоохон хотууд тэр тусмаа Азийн хотуудын өмнө тулгамдсан асуудал болж байгаа. Гэвч Улаанбаатартай зовлон нэг хотууд энэ хүндрэл бэрхшээлээсээ салах арга хэмжээг дорвитой, цар хүрээтэй бөгөөд зоримог хийж бодит үр дүнд хүрч байгаа ажээ. Уг нь монгол утаа, хятад утаа, солонгос утаа гэж өөр өөр байдаггүй болохоор хөрш зэргэлдээ улс орнуудынхаа утаатай тэмцсэн түүх, туршлагыг авч хэрэгжүүлэх юм бол Улаанбаатар цэвэр агаартай цэмцгэр хот болоход амархан. Түүнээс биш монгол утаа өвөрмөц онцлогтой учир арилж сарнихгүй байгаа юм биш.

Бээжин Утааны эсрэг хүчирхийлэл

Өмнөд хөршийн нийслэлийг утаагүй болчихлоо гэж манайхан өвөлжин шуугилаа. Утаагүй болсон нь үнэн. Гэхдээ энэ нь бүр байхгүй болсон гэсэн үг биш. Гамшгийн хэмжээнд байсан утаагаа эрс багасгаж, хяналтдаа авч чаджээ.

Одоо Бээжинд агаарын бохирдолтой өдрийн тоо эрс цөөрсөн байна. Ингэж чадсаны нууц нь захиргааны хатуу чанга арга хэмжээнүүд юм. Зарим талаар энэ нь хүний эрхийг зөрчиж байгааг ч гаднын хэвлэлүүдэд бичсэн харагдсан.

Гэхдээ Бээжингийн эрх баригчид манайхан шиг олон нийтэд таалагдах гэж, тэднээс хасах оноо авчих вий гэж айж бэмбэгнэхгүй нь сайхан юм даа. Тиймээс томоохон үйлдвэр, зах, худалдааны төвүүдээ эрс шийдэмгий нүүлгэн хотын төвөөсөө гаргажээ. Энэ талаар Хятадын олон улсын радиогийн цахим хуудаснаа гарсан нийтлэлд тулгуурлан зарим жишээ, баримтыг дурдъя. 

Тухайлбал, манай “Нарантуул”-ын наймаачдын бараагаа татдаг гол газрын нэг болох Бээжин хотын “Шижинмэн”-ий нүхэн захыг гадагшаа нүүлгэжээ. Ингэснээр уг захад худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулдаг 30 гаруй мянган айл өрх үг дуугүй нүүсэн байна. Мөн монголчуудын булган шуба бөөнддөг гол газар болох Ябаолүгийн захыг Жинин рүү нүүлгэжээ. Энэ мэтээр Бээжин хотод байсан хэдэн арван захаас гадна хэдэн зуун байгууллагыг нүүлгэн шилжүүлсэн аж.

Мөн 100 мянган ажилтантай хар төмөрлөгийн үйлдвэрийг арваад жилийн өмнөөс хэсэгчлэн нүүлгэсээр хотоосоо бүрэн гаргаж чадсан байна.

Бээжин хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь 7 сая шахам тээврийн хэрэгсэл гэдгийг судлаачид тогтоож. Тиймээс авто машины ялгаруулах хорт хий стандартыг хангаж чадаагүй 400 мянган авто машиныг ажлын өдрүүдэд хотын тавдугаар тойргоос дотогш нэвтрэхийг хориглосон журам гаргаж жилийн өмнө 2017 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн мөрдүүлжээ. Үүнтэй зэрэгцээд автомашины түлшийг улам цэвэршүүлэх шинэ стандарт тогтоож, хэрэгжүүлсэн гэнэ. Хүрээлэн буй орчныг хамгаалах хатуу стандарт мөрдөн, хэвлэх үйлдвэр, гэрийн тавилга, зуух зэрэг үйлдвэрлэлийн явцад хүний эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаг 43 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад техникийн шинэчлэл хийж, чанаржуулах шаардлага тавьжээ.

“Хотын захын нүүрс шатаадаг хэдэн зуун үйлдвэр болон хэдэн мянган өрхийг төвийн эрчим хүч, дулааны сүлжээнд холбосноор янданг “музейн үзмэр” болгожээ” хэмээн өмнөд хөршийн цахим хуудсанд бичсэн байна.

Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах товчооноос гаргасан агаарын чанарын тайланд дурдсанаар 2013 онд бүтэн жилийн туршид Бээжинд агаарын чанарын стандарт хангасан өдөр 176 байсан аж. Харин 2017 онд 226 өдөр ийм стандартыг хангасан судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл жилийн утаагүй өдрийн тоо 62.1 хувьд хүрсэн гэсэн үг.

Бээжинд өнгөрсөн таван жилийн хугацаанд агаар бохирдуулсан 16.2 мянган хэргийг шүүн тасалж, 590 сая юанийн торгууль тавьсан байна.

Өмнөд хөршийн эрх баригчдын утааны эсрэг хатуу гар эрх мэдэлтнүүдийг тойрсонгүй. Бээжин, Тяньжин хот, Хэбэй муж даяар стандарт зөрчсөн хүнд аж үйлдвэрүүд болон харьяа хот, дүүрэг, хошуу, суурин дахь засаг захиргааны нэгжийн дарга нарт хатуу хариуцлага тооцдог болсон байна. 

Хэдэн зуун үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, заримыг нь татан буулгахад хэн ч гомдол мэдүүлээгүй хэмээн Бээжингийн захиргаа бахархалтай мэдэгджээ. Засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэж, заргалдан, гомдол мэдүүлж, жагсч барих юм бол төр төмөр нүүрээ харуулах учир өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдгийг Бээжингийн “утаа үйлдвэрлэгчид” мэддэг хэрэг.
Хууль тогтоомж нь тодорхой, төр засгийн шийдвэр эрс хатуу, хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй. Засаг захиргааны шийдвэр олон нийтэд заавал таалагдах албагүй гэдгийг өмнөд хөршийнхөн утааны эсрэг тэмцлээрээ үлгэрлэн харуулжээ. Үүнийгээ өмнөд хөршийн хэвлэлд

“Үүрэг хариуцлагыг үе мөч шиг залгалдуулж байж ажил урагшилдаг, засгийн шийдвэр захиргааны шийтгэлтэйгээ батлагддаг, хэрэгжүүлэгчид нь ч хэлүүлэлтгүй мэддэг учраас үр дүн нь тодорхой” хэмээн бичжээ.

Нэгдүгээр сарын 31-нд БНХАУ-ын Байгаль орчны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Юүбинь мэдээлэл хийхдээ Хятадын агаар мандлын бохирдлоос сэргийлэн хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилт бүх талаар биеллээ хэмээн мэдэгдсэн байна. Дараагийн шатанд хятадууд агаар мандлын бохирдлоос сэргийлэн хамгаалах гурван жилийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхээр болсон байна.

Манайхтай төстэй нь хятадууд цаг агаар хүйтэн умард нутагтаа бохирдолгүй дулаалгын төслийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Мөн олон хотод цахилгаан, шатамхай хийгээр нүүрсийг орлуулахаар ажиллаж эхэлжээ.

Нүүрсний гол хэрэглэгч болдог гангийн үйлдвэрүүдээ цөөрүүлж, авто машинаар тээвэрлэлт хийхийг аль болох багасган, төмөр замын ачаа тээврийг нэмэгдүүлэх гэх мэтээр утааны эсрэг олон цохилтуудыг ар араас нь хийж байгаа ажээ.

Сөүл

Хувийн авто машинаас татгалзав

Утаан дундах Ази тив

Сөүл хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь авто машин. Тиймээс авто машины хэрэглээг багасгах зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн нийтийн тээврийг ачаалал ихтэй үеэр үнэ төлбөргүй болгосон байна. 

Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд уг шийдлийг анх өнгөрсөн жил агаарын чанарын индекс 179 микрограмм хүрч утаа ихсэхэд туршиж байжээ. 2018 он гарсаар агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцорын нягтрал 50 микрограммаас дээш гарсан тул дахин ийм арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгүүлч Хелен Коффэй www.independent.co.uk цахим хуудсанд бичсэн нийтлэлдээ Сөүл хот сүүлийн жилүүдэд утаан зузаан мананд хучигдах болсныг онцолжээ. Тус хотын агаарын бохирдол ийн эрс нэмэгдэхэд нүүрс болон дизель түлшний хэрэглээ нөлөөлжээ. 

Зөвхөн нийтийн тээврийг үнэгүй болгосноор агаарын бохирдлыг бууруулахгүй. Тиймээс цаашид төрийн албан хаагчдын автомашины хэрэглээг хязгаарлах, 360 гаруй авто зогсоолыг хаах хүртэл арга хэмжээг Сөүлийн захиргаа төлөвлөөд байгаа гэнэ.

Шинэ Дели
Энэтхэгчүүд нийслэлээ нүүлгэхийг шаарджээ

Утаан дундах Ази тив

Энэтхэгийн нийслэл өтгөн утаанд умбаж, агаарын бохирдол аюулын харанга дэлдсэнээр олон мянган дунд сургуулийн хичээлийг хаахад хүрч байв. Шинэ Дели дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг бөгөөд агаарын бохирдлоороо Бээжингээс ч илүү.

Эдүгээ Шинэ Дели хотын агаар дахь PM2.5 бохирдуулагч бодисын хэмжээ л гэхэд 1000 микрограмм хүрчээ. Олон улсын жишгээр агаар дахь уг хорт бодисын хэмжээ 300 микрограмм болоход маш аюултай гэж үздэг. Гэтэл Шинэ Дели хотын хувьд энэ үзүүлэлт гурав дахин их.

Тус хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюулгүй гэж үзсэн хэмжээнээс 30 дахин их байгаа ажээ.

“Шинэ Дели хот сүүлийн 35 жилийн хугацаанд ийм хүнд нөхцөл байдалд орж байгаагүй. Энэ бол бидний хувьд хамгийн муу зүйл” гэж “Sir Ganga Ram” эмнэлгийн эмч Арвинд Кумар мэдэгджээ. Мөн тэрээр Шинэ Дели хотын агаарын бохирдлыг нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал гэж тодорхойлоод иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд Шинэ Дели хотыг нүүлгэн шилжүүлэхийг шаардах болно гэжээ.

Энэ он гарсаар Шинэ Дели хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрснээр хотын захиргаанаас ачааны тэрэгнүүдийг хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Тус хотын захирагч Арвинд Кежривар өөрийн хотыг “хорт утааны өрөө” хэмээн нэрлэсний дараа Зам, тээврийн сайд Кайлаш Гагарот ийм шийдвэр гаргасан байна.

Ийм шийдвэр гаргаснаар Шинэ Дели хотоор өдөр бүр дайрч өнгөрдөг 50 мянга орчим дизель түлштэй ачааны машины хөдөлгөөн бүрэн зогсоно гэсэн үг. 

Үүнтэй зэрэгцээд эмч нар нийслэлийн утаа иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж эхэлжээ. Мэдээж агаарын бохирдол зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоож. 2015 онд Читтаранжаны Үндэсний хавдар судлалын хүрээлэнгийн судлаачдын хийсэн судалгаагаар 4.4 сая сургуулийн хүүхдийн тэн хагасынх нь уушгины багтаамж буурсан үзүүлэлт гарчээ. 
Улаанбаатарын утаанаас үүдэн гарч буй үр дагавруудтай их төстэй байгаа биз.

Түүнчлэн асар зузаан утаанаас болж Делигийн нисэх онгоцны буудлын зурвас харагдахаа байж олон улсын нислэгүүд саатах болжээ. Энэ нь Яармаг, Нисэх орчмын утаанаас болж Буянт ухаад онгоц буух аргагүй болж байсантай л адил юм.

Шинэ Дели орчмын орон нутгийн замуудад өндөр хурдтай явсан авто машинууд утаанаас болж үзэгдэх орчин хязгаарлагдан, хоорондоо мөргөлдөж, ноцтой осол гаргаж байжээ. Өвлийн улиралд агаарын бохирдол хойд Энэтхэгийн томоохон хот, суурин газруудад ч ноцтой аюул учруулах болсон байна. Тухайлбал, Пунжаб, Харибаны ойролцоох хөрш зэргэлдээ мужуудад агаар, хөрсний бохирдол их болсон тул фермерүүдийг тариалангийн талбайгаа ашиглахыг албан ёсоор хоригложээ.

Эх сурвалж: EAGLE.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54046
0 эможи
keyboard_arrow_up