Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Умард Солонгосын удирдагч 68 жилийн дараа БНСУ-д хөл тавина

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч нарын 2007 оноос хойших анхны түүхэн уулзалт энэ баасан гарагт болно. Мун Жэ Ин, Ким Чен Ун нарын түүхэн уулзалт хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд болох юм. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хувьд 1950 оны Солонгосын дайнаас хойш БНСУ-ын газар нутагт хөл тавьсан Умардын анхны удирдагч болж байна. Хоёр Солонгосын удирдагчид түүхэндээ гурав дахь удаагаа уулзах гэж байгаа бөгөөд үүнээс өмнө 2000, 2007 онд хоёр улсын удирдагчид БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод уулзаж байжээ.

Уулзалтыг сурвалжлахаар 41 улсын 2800 гаруй сэтгүүлч ажиллана. Тэднээс 870 орчим нь гадаадын, үлдсэн нь дотоодын сэтгүүлч байх ажээ. Талуудын уулзалтаар БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон хоёр Солонгосын харилцааны талаар голчлон хэлэлцэнэ гэж ажиглагчид харж байна. БНАСАУ цөмийн зэвсгийн зорилтдоо хүрсэн тул цөмийн зэвсэг, тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа зогсоосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. "Ингэснээр хоёр талын уулзалт амжилттай болох таатай нөхцөл бүрдсэн" гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин онцолж байна. Тэрбээр "Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй бүс болгоход БНАСАУ чухал шийдвэр гаргасан"-ыг онцлон тэмдэглэжээ. Харин Ким Чен Ун "Цөмийн зэвсэггүй болох дэлхий нийтийн уриалгад нэгдэхийг зорьж, шийдвэр гаргасан" гэж тайлбарласан байна. Мөн улсынхаа эдийн засгийг сэргээхэд анхаарахаа онцлоод байгаа юм.

Улмаар БНАСАУ цөмийн туршилт явуулдаг Пангги-Ри талбайгаа хаасныг тус улсын Төрийн агентлаг нь мэдээллээ. БНАСАУ Пхеньянаас зүүн хойд хэсэгт, алслагдмал уулын бүсэд байрлах энэ талбайд цаашид үйл ажиллагаа явуулах, туршилт үргэлжлүүлэхэд маш аюултай болсныг ажиглагчид онцолж байна. БНАСАУ ойрын болон дундын зайн тусгалтай “No-Dong”, “Musudan”, "Hwasong-14", "Hwasong-15" зэрэг пуужинтай. Эдгээрээс "Hwasong-15" нь хамгийн хол буюу 13 мянган км-ээс дээш зайн тусгалтай юм байна.

Үүнээс гадна олон улсын хэмжээнд цөмийн зэвсэг хөгжүүлэлтээр ОХУ, АНУ тэргүүлж байна. Мөн БНХАУ, Их Британи, Франц улс цөмийн зэвсэг хөгжүүлээд байгаа бөгөөд сүүлд Энэтхэг, Пакистан, БНАСАУ нэмэгджээ. АНУ-ын эзэмшиж буй цөмийн зэвсгийн тоо одоогоор 1370 орчим байгаа аж. Энэ нь хүйтэн дайны үед 12 мянга болж хамгийн дээд түвшиндээ хүрч байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Хэдий тийм боловч АНУ олон улсын эрх зүйн хүрээнд энэ дүнг 1550 болгож, нэмэгдүүлэх боломжтойг ажиглагчид онцолж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56562
0 эможи

keyboard_arrow_up