Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Агаарын тээвэрлэгчид төлбөрийн шинэ систем нэвтрүүлнэ

2018 оны 5 сарын 09

Дэлхийн агаарын тээврийн салбар Deutsche Bank-тай хамтран цахим төлбөрийн шинэ систем нэвтрүүлэх гэж байгаа нь зээлийн картын компаниудад сорилт болох гэж байна. Онгоцны тийзийн үйлчилгээг хялбар дөхөм болгох уг систем агаарын тээврийн компаниудын олон тэрбум еврог хэмнэх юм.

Зорчигчийн тийзийг вэб-д суурилан борлуулах шинэ тогтолцоонд хараахан нэр өгч амжаагүй байна. ХБНГУ-ын зах зээлээс гараагаа эхлэх уг тогтолцоог 2018 оны сүүлчээр Европ даяар нэвтрүүлэх юм. “Бид зээлийн картыг орлох төлбөрийн хэрэгсэл хөгжүүлж байна” хэмээн Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA-International Air Transport Association) Хавьер Орехас тайлбарлав. Дэлхийн агаарын тээврийн салбарын төлбөр боловсруулалтын зардал жилд найман тэрбум ам.доллар болж байгааг IATA тооцоолжээ.

Visa, Mastercard зэрэг зээлийн картын компаниуд ихэвчлэн 1-3 хувийн үйлчилгээний шимтгэл авдаг нь энэхүү зардалд багтаж байгаа юм.

Уг зардалтай сөргүүлэн IATA, Deutsche Bank-наас нэвтрүүлэх шинэ систем нь “хэдхэн центээр хэмжигдэх” тогтмол зардал суутгадаг болно хэмээн ноён Орехас өгүүлсэн юм. Төлбөрийн шинэ системийн төсөл нь банкуудад үйлчлүүлэгчийнхээ өгөгдлийг хөндлөнгийн гурав дахь талтай хуваалцах шахалт үүсгээд байгаа Европын холбооны төлбөрийн шинэ зохицуулалтын ачаар хэрэгжиж байна.

Энэ онд нэн даруй нэвтрэх цахим төлбөрийн пан-Европын систем нь төлбөрийн үйлчилгээний хоёр дахь удирдамжтай (PSD2 - Payment Services Directive) хослохоороо банкны данс хоорондын цахим шилжүүлгийг хэдхэн хормын ажил болгон хувиргах давуу талтай.

PSD2-ын цөм болох “банкны ил тод үйлчилгээ”-ны зарчим нь инновацийг дэмжиж, технологийн болон бусад банк бус салбарын өрсөлдөгчдийг санхүүгийн салбарт өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зорилготой.

Төлбөрийн шинэ тогтолцоо нэвтрэхээр үйлчлүүлэгчдийн оруулсан дансны дугаарыг Deutsche Bank тэр дор нь шалгаж, төлбөр суутган, суутгасан төлбөрөө агаарын тээврийн компаниуд руу шилжүүлнэ.

“Ихэнх банк өөрийгөө хамгаалах байр сууринаас шинэ аргад хандаж, өгөгдлөө ил тод болгоход дурамжхан байгаа”- г Deutsche Bank-ны мөнгөн гүйлгээний асуудал хариуцсан захирал Шахро Моиниан тайлбарлав. “Бидний хувьд шинэ тогтолцоо нь өөрчлөгдөх том боломж юм. Яагаад бид технологийн компаниуд шиг ажиллаж болдоггүй билээ” хэмээн тэрбээр өгүүлж байлаа. Хөрөнгө оруулалтын банкны ажиллагаатай харьцуулахад эрт цагаас уйтгартай, сонирхолгүй мэт санагдаж ирсэн төлбөр тооцоо эдүгээ банкны салбарт хамгийн тогтвортой ашиг бүхий зах зээл болж хувирлаа.

“Сүүлийн арван жилд төлбөрийн систем эрхлэгчид л санхүүгийн салбарт хамгийн мундаг үзүүлэлттэй байгаа”-г McKinsey-гийн түнш Райнхард Хёлл онцлон дурдав. Deutsche-гийн шинэ гүйцэтгэх захирал Кристиан Сьюинг еврогийн гүйлгээгээр тэргүүлдэг тус зээлдүүлэгчийн транзакцийн салбарыг бэхжүүлэн өргөтгөх эрмэлзэлтэй.

Deutsche-гийн гүйлгээний салбар нь тус банкны компанийн болон хөрөнгө оруулалтын банкны орлогын 25 хувийг бүрдүүлдэг.

Шинэ тогтолцоо амжилттай нэвтрэх эсэх нь үйлчлүүлэгчид хэр хүлээн авахаас шалтгаална. Европын агаарын тээврийн гол компаниуд шинэ тогтолцоог хүлээн авахаар зөвшөөрсөн тул энэ асуудлыг хэдийнэ шийдэж чадсан хэмээн IATA болон Deutsche банк үзэж байна.

Германы агаарын зорчигч тээврийн гол компанийн нэг Lufthansa өрсөлдөөн үүсгэж, үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах төлбөрийн бүхий л шинэ санал санаачилгыг дэмжинэ хэмээн мэдэгдсэн. “Төлбөр, түгээлтийн тогтолцоо өрсөлдөөнтэй байж л зардал буурч, үйлчилгээний чанар сайжирна” хэмээн Lufthansa тайлбарлав.

Олаф Сторбек

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57062
0 эможи

keyboard_arrow_up