Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп, Ким Чен Ун нар ганцаарчлан уулзана

2018 оны 6 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар энэ мягмар гарагт буюу зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт уулзах товтой байна. Энэ удаагийн уулзалтаар 68 жилийн турш үргэлжилсэн хоёр Солонгосын дайсагнасан харилцааг дуусгавар болгоно гэсэн найдлага олон улсад үүсээд байгаа юм. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ням гарагт Сингапурт очсон бөгөөд тэрбээр газардсан даруйдаа Сингапурын Гадаад хэргийн сайдтай уулзсан байна.

Дональд Трамп ч мөн өмнө нь мэдээлж байсанчлан “Их 7”-ийн уулзалтыг дуусгалгүйгээр Сингапурыг зорьж, “Түүхэн уулзалт”-аас хоёр хоногийн өмнө Сингапурт ирээд байгаа юм. Хоёр удирдагчийн үйл хөдлөл бүрийг олон улсын 3000 гаруй сэтгүүлч ажиглан дагаж байна.

“Түүхэн уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах үйл явц үргэлжилж байгааг Сингапурын талаас мэдэгдлээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс гол гудамж, талбайг хааж, хяналт, шалгалтын цэгүүдийг байгуулж, ажиглалтын камерын тоог нэмж суурилуулсан байна.

Мөн уулзалт болох “Capella” зочид буудал болон Сентоза арал, хотын төвийн томоохон зочид буудлуудын ойр орчмыг тусгай бүс гэж зарлан бямба гарагаас эхлэн хамгаалалтыг чангатгажээ. Тусгай хамгаалалт зургаадугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх аж. БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтаар тохирсон зүйлсийн зарим нь тухайлбал, цөмийн туршилтын талбайг хаах зэрэг зүйлс бодит байдал дээр биеллээ олж байгаа юм.

Уулзалтын гол зорилго нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, энхийн хэлэлцээр байгуулах гэдгийг Цагаан ордноос онцолж байна. Түүнчлэн, Дональд Трамп “Их 7"-ийн уулзалтад оролцох үедээ БНАСАУ-тай энхийн хэлэлцээр байгуулах зорилготой явж байгаа, зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Харин Ким Чен Уны хүсэлтийн жагсаалтад олон улсын хоригийг цуцлуулах, АНУ-тай харилцаагаа сайжруулж, эдийн засгийн тусламж авах багтаж байгаа гэж шинжээчид онцолж байна. Хэдий тийм боловч улс орныхоо аюулгүй байдлыг хангах нь түүний жагсаалтын эн тэргүүнд бичигдэж байгаа гэдгийг ажиглагчид тодотгож байгаа юм.

Уулзалтын эхний хэдэн минутад хоёр удирдагч ганцаарчлан уулзаж, дараа нь бусад төлөөлөгч, дагалдагсад нь уулзалтад нэгдэх урьдчилсан төлөвлөгөө байгааг эх сурвалж мэдээллээ. Мөн уулзалт амжилттай болбол хамтарсан тунхаг бичиг байгуулах эсвэл уулзалт нэг өдрөөс илүү хугацаагаар сунах боломж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58300
0 эможи

keyboard_arrow_up