Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Их Долоо”-гийн дээд хэмжээний уулзалтыг Трамп эргүүлсэн нь

2018 оны 6 сарын 12

Arslan.mn

БНХАУ-ын Чиндао хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэх шахам Канадын Кебек мужид эхэлсэн Их долоон гүрний удирдагчдын уулзалт бямба гарагт өндөрлөлөө.

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын удирдагчид болох Британий ерөнхий сайд Тереза Мэй, Германы канцлерь Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте нар уулзалтад оролцов.

“Их Долоо”-гийн дээд хэмжээний албан ёсны уулзалт тийм ч таатай уур амьсгал дунд болж өнгөрсөнгүй. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн удирдаж байсан хамтарсан мэдэгдлийн үеэр танхимыг орхин гарсан юм. Үүний дараахан Трамп уузалтаас гарсан тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ зарласны хажуугаар өөрийн Твиттер хуудаснаа Канадын Ерөнхий Сайд Ж.Трюдог “сул дорой, увайгүй мөн шударга бус” гэх мэт үгсээр түүнийг шүүмжилсэн юм.

Ийнхүү амжилттай явагдаж байсан Их Долоогийн ээлжит уулзалтыг Трамп бусниулж, Европ болон бусад улс орны удирдагчид үүнд дургүйцэж байна.  

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн Баасан гарагт Их долоогийн дээд хэмжээний уулзалт руу явахаасаа өмнө “Их найм байсан бол одоо Их долоо болсон энэ уулзалтад Орос ч мөн оролцох хэрэгтэй. Бид Оросыг хасчихсан шүү дээ, хэлэлцээрийн ширээнд уг улс байх хэрэгтэй байна” гэжээ.

Их долоо гэдэг нь Канад, Герман, Америк, Их Британи, Итали, Япон, Франц улсыг хэлэх ба тэд жил бүр дээд хэмжээний уулзалт зохион, дэлхийд тулгамдсан асуудлаар хэлэлцдэг юм. Орос 2014 онд Крым, Украиныг эзэлснээс болоод Их наймаас хасагдсан байдаг.

Гэвч ерөнхийлөгч Трампын санааг бусад нь дэмжээгүй байна. Оросын Засгийн газар энэ тал дээр, “манай улс Их долоогоос бусад зүйлст анхаарлаа хандуулж байна” гэжээ.

Мөн Америкийн сенатч Чак Шумер Оросыг Их долоод эргүүлэн оруулах тал дээр “ерөнхийлөгч Трамп улсынхаа холбоотон, өрсөлдөгчийг ялгаж, зохих ёсоор харьцах хэрэгтэй байна. Энэ үйлдэл сонгуулийн кампанит ажилд нь Орос үнэхээр тусалсан гэх төөрөгдлийг иргэдийн дунд үүсгэлээ” хэмээн шүүмжилжээ.

Ерөнхийлөгч Трамп Оростой найрсаг харилцаатай болох санал гаргаж байсан ч Засгийн газар нь Москвагийн эсрэг хүчтэй хориг арга хэмжээ авсан. Учир нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцож, Трамптай хуйвалдсан гэх хардлага олны дунд гарч улмаар шалгагдаж байна. Ерөнхийлөгч Трамп болон Оросын зүгээс энэ хэргийг няцаасаар байгаа юм.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин ШХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр, “Орос Их наймаас хэзээ ч гараагүй. Бусад гишүүд тодорхой шалтгааны улмаас Оросын зохион байгуулсан Их наймын уулзалтад оролцохоос татгалзсан. Гэвч та бүгдтэй Москвад уулзахдаа баяртай байх болно” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
58362
2 эможи

keyboard_arrow_up