Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дайсагналцлаас дээд хэмжээний уулзалт хүртэлх урт зам

2018 оны 6 сарын 12

АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Сингапурт эхэлж байна. Энэхүү түүхэн уулзалтыг  АНУ-ын Fox News, NBC News, MSNBC, ABC News телевизүүд шууд дамжуулж байна.

Энэхүү уулзалт Д.Трампын хэлсэнчлэн “Тэр бүрд тохиолдоод байдаггүй  ховор боломж” гэдэг нь тодорхой. Түүхэн ийм уулзалтад хүрэх зам  урт удаан бөгөөд хүнд хэцүү байсан.  Товчхондоо бол харилцан дайсагналцлаас дээд хэмжээний уулзалтад шилжиж байна. Тийм ч учраас энэ уулзалтыг дэлхий нийт анхааралтай харж байгаа юм. Хоёр орны удирдагчид түүхэндээ анх удаа хэлэлцээний ширээний ард сууж байгаа нь энэ юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Их-7”-ийн уулзалтаа дуусгалгүй Канадын Ла Мальбегаас шууд Сингапурт хүрэлцэн ирлээ. Хоёр хот цагийн бүслүүрээр 6 цагийн зөрүүтэй. Урт нислэгийн дараа таны бие сайн байна уу гэсэн асуултад тэрбээр тун ч итгэлтэйгээр  “Маш сайн байна” хэмээн хариулжээ.

“Ийм зүйл урьд нь болж байгаагүй болохоор энэ нь ямар нэг хэмжээгээр тодорхой бус байж мэднэ. Гэхдээ би Ким Чен Ун эх орныхоо төлөө сайн үйл хийхийг маш ихээр хүсч байгааг сайтар мэдэрч ойлгож байна.  Ийм боломж дахиад түүнд тохиохгүй. Түүнийг ард түмэн, эх орон, гэр бүлийнхээ төлөө эерэг өөрчлөлт хийхийг үнэхээр хүсч байгаа гэж бодож байна”  хэмээн Д.Трамп онцолжээ.

Трампын хэлснээр “Залуу Ким энэ улс орныг үнэхээр гайхалтай аугаа орон болгож чадна гэсэн итгэлтэй байгаа бөгөөд энэ үйл хэрэгт нь Өмнөд Солонгос, БНХАУ, Япон болон бусад улс орнууд дэмжин туслана” гэж бодож байна хэмээжээ.

Уулзалт хэрхэн болох вэ

Канадад болсон “Их-7”-гийн уулзалт дээр Д.Трамп бмяа гарагт мэдэгдэхдээ  “Хүсч байгаа үр дүндээ хүрэх эсэх нь уулзалт ярианы эхний мөчөөс л мэдэгдэх болно. Хэрэв Ким Чен Ун  нухацтай шийдвэр гаргах хүсэл эрмэлзэлгүй байвал уулзалт яриаг шууд зогсооно” хэмээсэн юм.

Трамп өчигдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзах үеэрээ “Маргааш маш сонирхолй уулзалт болно. Энэ уулзалт маш амжилттай болно гэдэгт би итгэж байна” хэмээсэн юм.

Bloomberg агентлагийн мэдээлснээр Д.Трамп албан ёсны хэлэлцээр эхлэхийн өмнө Кис Чен Унтай богино хугацааны уулзалт хийх хүсэлтэй байгаа гэжээ. Үнэхээр ч тэр ийм хүсэлтээ Сингапурын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн. Энэ үеэр удирдагчид зөвхөн хоёулхнаа байх бөгөөд орчуулагчаас өөр хэн ч оролцохгүй гэсэн нь   хэлэлцээрийн оршил хэсэг болох байв.

Уулзалт өнөө өглөө 9,00 цагаас Сентоса арлын Capella зочид буудалд эхэлж байна. АНУ-ын талаас өгч буй мэдээллээр энэхүү уулзалтыг тухайн өдрийнхөө  орой гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Хэрэв бүх зүйл санаснаар болж сайнаар өрнөвөл хоёр тал хамтарсан мэдэгдэл хийх юм.  Гэхдээ Reuters агентлаг Ким Чен Ун мягмар гарагт орон нутгийн цагаар 14.00 цагт Сингапураас эргэж ниснэ хэмэн мэдээлсэн.  Ийм зөрүүтэй мэдээ явж байна.  Гэхдээ өнөөдрийн үйл явц бүхнийг харуулах байх.

Уулзалтын бэлтгэл ажлыг хангахад 15 сая ам доллар зарцуулжээ

Д.Трамп болон Ким Чен Ун нарын уулзалт болж байгаа Сентоса  арлын нэрийг малай хэлнээс орчуулбал, “Амар тайван”  гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд дэлхий нийт эдүгээ энэ зүг анхаарлаа хандуулаад байна. Энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа Сингапурын тал Солонгосын хойгийн хямралыг зохицуулах төдийгүй Зүүн Өмнөд Азийн энх тайван аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтыг явуулах бүх талын бэлтгэл ажлыг сайтар хангаад байна. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Луны хэлснээр  энэхүү уулзалтын бэлтгэл ажлыг хангахад 15 сая ам доллар зарцуулаад байгаа ажээ.  Гэсэн хэдий ч энх тайвны төлөөх үйл хэрэгт ийм хэмжээний хөрөнгө зарцуулах нь зүй хэрэг. Энэ бол түүхэн уулзалтад оруулж буй бидний хувь нэмэр юм  гэжээ.

Уулзалтын аюулгүй байдлыг хангуулахаар хууль хүчний байгууллагын 23 мянган албан хаагч ажиллаж байна.

Удаан хугацаанд ярилцсаны эцэст дээд хэмжээний уулзалт Capella зочид буудалд болохоор  болсон. Тус арал дээр  колонийн үеийн хэв загвар бүхий хоёр барилга /цогцолбор/ бий. XIX зууны эцсээр тэнд Сингапурт байрладаг Британийн албан хаагчдын клуб байжээ. Харин зочид буудал орчин цагийнхаа  хэлбэр маягаар  2009 онд нээгдсэн бөгөөд  Британийн архитекторч Норман Фостерын зураг төслөөр барьжээ.  Зочид буудал 112 өрөөтэйгээс гадна хоногийн 700-10 000 ам долларын үнэтэй хэд хэдэн бие даасан хотхон бий.  Мөн 400 хүн хүлээн авах боломжтой 800 кв/м талбай бүхий хүлээн авалтын танхимтай. Capella зочид буудал нийтдээ 12 га  талбай эзэлдэг.

Уулзалтын үеэр ямар асуудал хэлэлцэх вэ

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр АНУ болон Умард Солонгосын яриа хэлэлцээний үеэр  талууд өргөн хүрээнд санал бодлоо солилцоно.

-АНУ болон Умард Солонгосын шинэ харилцааг бий болгохтой холбоотой тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэжээ.

Уулзалтын үр дүнг өөдрөгөөр харах нь

Уулзалтын үр дүнгийн талаар хоёр талын аль нь ч урьдчилсан байдлаар мэдээлэл хийгээгүй. Харин Д.Трамп уулзалтын үеэр ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөгүй гэж мэдэгдээд буй. Гэхдээ энэхүү уулзалт нь ямар ч бичиг баримт, хэлэлцээрт гарын үсэг зурахаас илүү ач холбогдолтой гэдгийг ажиглагчид тэмдэглэж байгаа юм.  Уулзалт өөрөө цаашдын гэрээ хэлэлцээрийн эхлэл болно.  Уулзалтын үр дүнг өөдрөгөөр харах нэг шалтгаан энэ.

Өнөөдрийн уулзалт амжилттай болбол  дээд хэмжээний уулзалт ойр ойрхон үргэлжлэх магадлал бий. Тухайлбал, Өмнөд Солонгосын "Чунан ильбо"  сонины мэдээлснээр  Умардын удирдагч Ким Чен Ун  хоёр дахь  удаагийн дээд хэмжээний уулзалтыг ирэх долоодугаар сард  Пхеньянд  хийхээр Ерөнхийлөгч Д.Трампт урилга гардуулан өгсөн гэж мэдээлээд байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч бас Ким Чен Уныг АНУ-д урьж Цагаан ордноос гэрээ хэлцлээ эхлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Энэчлэнгээр хоёр орны харилцааны хэтийн төлвийг өөдрөгөөр харах шалтгаан байгаа бөгөөд гэхдээ өнөөдрийн уулзалтаас ирэх өдрүүдийн зураглал тодроно.

 

Эх сурвалж: ZALUU.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58401
0 эможи

keyboard_arrow_up