Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Foreign Policy: Коронавирусын цар тахлын дараа дэлхий ямар болох вэ?

2020 оны 3 сарын 30

Arslan.mn

Коронавирусын цар тахал бол Берлиний хана нурж, “Леман Бразерс” дампуурч сүйрсэнтэй нэг адил дэлхий дахиныг цочроосон бөгөөд дөнгөж саяхнаас л бид сэхээ авч энэхүү цар тахлын хол ойрын үр дагаврын талаар эргэцүүлж эхэлж байна. Энэ өвчин олон хүний амь амьдралыг сүйтгэж, зах зээлийн ажил үйлсэд үймээн сандрал учруулж, Засгийн газруудын чадамжийг илтгэн харуулсан (эсвэл чадамжгүйг) гэдгийг юутай ч одоогоор хэлж болмоор санагдана. Хэдийгээр тодорхой хэсэг хугацааны дараа ойлгомжтой болох хэдий ч дээр дурдсан бүхэн улс төр, эдийн засгийн эрх мэдлийн тасралтгүй үргэлжлэх өөрчлөлтөд хүргэнэ.

Хямралын нөхцөлд бидний хөл доорхи газар дэлхий яагаад, яаж хөдлөх болсны учрыг олохоор “Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ.

Тэд бол Жон Аллен (JOHN ALLEN), Николас Бернс (NICHOLAS BURNS), Лори Гаррет (LAURIE GARRETT), Ричард Хаасс (RICHARD N. HAASS), Г.Жон Айкенберри (G.JOHN IKENBERRY), Кишор Махбубани (KISHORE MAHBUBANI), Шившанкар Менон (SHIVSHANKAR MENON), Робин Ниблетт (ROBIN NIBLETT), Джозеф Най (JOSEPH S. NYE), Шеннон К. О’Нил (SHANNON K. O’NEIL), Кори Шаке (KORI SCHAKE), Стивен Уолт (STEPHEN M. WALT) нар юм.

Дэлхий ертөнцийн нээлттэй, цэцэглэн хөгжсөн, эрх чөлөөтэй төлөв байдал багасна

Стивен Уолт: 

/Харвардын их сургуулийн олон улсын харилцааны профессор/

-Цар тахал төрийн эрх мэдлийг хүчтэй болгож, үндэсний үзлийг бэхжүүлнэ. Бүх хэв шинжийн улс орнууд хямралыг гэтлэн давахын тулд онцгой арга хэмжээ авах бөгөөд олонх нь цар тахал дууссаны дараа бүрэн эрхээсээ татгалзахыг хүсэхгүй.

Эрх мэдэл, нөлөөлөл өрнөөс дорно зүгт шилжих үйл явцыг COVID-19 мөн түргэтгэнэ. Дэгдэлтийн эсрэг хамгийн сайн хариу үйлдлийг Өмнөд Солонгос, Сингапур үзүүлж чадсан бол Хятад улс дэгдэлтийн бүр эхэнд хэд хэдэн алдаа гаргасны дараа хариу үйлдэл хийж эхэлсэн. Тэдгээртэй харьцуулахад Европ, Америк тив хариу үйлдлийг бодож тунгаалгүйгээр алгуурлаж хийсний улмаас магтаалд автсан барууны “брэнд”-ээ улам бүр харлуулсан.

Язгуур үндэс нь угаасаа зөрчилтэй дэлхийн улс төрийн шинж төлөв л харин огт өөрчлөгдөхгүй. Урьд өмнөх халдвар тархалтууд их гүрнүүд хоорондын өрсөлдөөнийг таслан зогсоогоогүй, мөн глобал хамтын ажиллагааны шинэ эрин үеийн эхлэлийг ч тавиагүй. COVID-19-ийн дараа ч мөн адил байх болно. Үндэсний Засгийн газар л өөрсдийг нь хамгаална, ирээдүйд тохиолдох эмзэг байдлыг төр засаг, компаниуд арилгана гэдэгт иргэд итгэж байгаа учраас бид гиперглобалчлаас цаашдаа үргэлжлүүлэн холдож дайжих үйл явцын гэрч болно.

Товчоор хэлбэл, нээлттэй, цэцэглэн хөгжсөн, эрх чөлөөтэй төлөв байдал нь багассан дэлхий ертөнцийг COVID-19 бий болгоно. Бүх зүйл өөр байж болох байсан хэдий ч үхэл дагуулсан вирус, сул төлөвлөлт, чадамжгүй удирдлага хосолсноор хүн төрөлхтнийг улам илүү айдас түгшүүртэй шинэ зам дээр гаргаж байна.

Бидний мэддэг глобализмын төгсгөл ирнэ

Робин Ниблетт:

/Чатэм-Хаусын захирал/

-Эдийн засгийн даяаршлын ачааг үүрч яваа тэмээний нурууг хугалах нарийнхан сүрэл (солоом) нь коронавирусын цар тахал болж мэдэх юм. Улам бүр хүчирхэгжсээр байгаа Хятад улсын эдийн засаг, цэргийн хүчин чадал, АНУ хоёр гол намыг хоёуланг нь Америкийн өндөр технологи, оюуны өмчөөс хятадуудыг холдуулж, холбоотнуудаа ч мөн ийм болгохыг хичээх хатуу шийдэлд хүргэсэн. Нүүрстөрөгчийн ялгарлыг зорилтот үзүүлэлтэд хүргэх зорилго агуулсан нийгэм, улс төрийн дарамт шахалт улам хүчтэй болсоор байна. Энэ бүхэн олон компанийг нийлүүлэлтийн хэт алсын гинжин холбоосын амлалтаасаа татгалзахад хүргэж болзошгүй. Өөрийгөө тусгаарлах байдал удаан үргэлжилж байгаа нөхцөлд оршин тогтнох өөрийнхөө нөөц боломжийг улам хүчтэй болгохоос өөр аргагүй байдалд улс орон, компани, нийгэм бүрийг COVID-19 оруулж байна.

Ийм нөхцөлд XXI зууныг тодорхойлогч шинж нь болсон харилцан ашигтай даяаршлын үзэл санаа эргэж ирэх нь юу л бол. Глобал эдийн засгийн интеграцийн нийтлэг ололт амжилтыг хамгаалах урамшуулалгүйгээр XX зуунд бүрэлдэж төлөвшсөн эдийн засгийн глобал удирдлагын архитектур маш хурдан хатангиршина. Олон улсын хамтын ажиллагааг хэвээр хадгалж, геополитикийн өрсөлдөөний намаг руу гулсаж орохгүйн тулд улс төрийн лидерүүдийн хувьд хувийн сахилга батыг дээд зэргээр сахих хэрэгтэй болно.

Лидерүүд хэрэв COVID-19-ийн хямралыг гэтлэн давах чадвартай гэдгээ иргэдэд нотлон харуулж чадвал энэ нь тэдэнд улс төрийн тодорхой капитал бий болгоно. Харин нотолж чадаагүй хэн нэгэнд өөрийнхөө алдааг бусад руу чихэж азаа үзэхэд тун хэцүү болох биз ээ.

Хятадыг баримжаалсан глобалчлал

Кишор Махбубани:

/Сингапурын үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, “Хятад улс ялсан уу? Америкийн тэргүүллийг сөрсөн Хятадын сорилго” (Has China Won? The Chinese Challenge to American Primacy)  номын зохиогч/ 

-Глобал эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг COVID-19-ийн цар тахал өөрчлөхгүй. Харин тэрээр нэгэнт эхэлсэн өөрчлөлтүүдийг түргэтгэнэ. Өөрөөр хэлбэл, АНУ-ыг баримжаалсан глобалчлалаас хөндийрч, Хятадыг баримжаалсан глобалчлал руу шилжих тухай өгүүлж байгаа хэрэг.

Энэ чиг хандлага яагаад хадгалагдсан хэвээр байх вэ. АНУ-ын хүн ам глобалчлал, олон улсын худалдаанд итгэхээ больсон. Ерөнхийлөгч Трамптай хамт болон бас түүнгүйгээр чөлөөт худалдааны тухай хэлэлцээр хор хохирол учруулсаар байгаа. Харин Америкаас ялгаатай нь Хятад улсын итгэл алдраагүй. Яагаад? Үүний учир шалтгаан түүхэн гүн гүнзгий. 1842-1949 он хүртэлх гутаагдан доромжлуулсан зуун жил өөртөө найдах, гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлах дэмий хоосон оролдлогын үр дагавар болсныг энэ улс орны удирдагчид одоо маш сайн ойлгож байгаа. Харин эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн сүүлийн хэдэн арван жил бол олон улсын хамтын ажиллагааны үр дүн байсан. Хятадын ард түмэнд мөн өөртөө итгэх соёлын итгэл бий болж, бат бөх бэхэжсэн билээ. Хятадууд өөрсдийгөө хаана ч, юугаар ч өрсөлдөж чадна хэмээн үздэг болсон.

Тийм болохоор, (энэ тухай би өөрийнхөө “Хятад улс ялсан уу?” хэмээх шинэ номдоо бичиж байгаа) Америкийн Нэгдсэн улсын хувьд сонголт маш бага болсон. Хэрэв Америкийн гол зорилго нь дэлхийд ноёрхлоо хадгалж үлдэхэд орших аваас улс төр, эдийн засгийн салбарт Хятад улстай сөргөлдөх геополитикийн өрсөлдөөнөө үргэлжлүүлэхээс өөр аргагүй болно. Харин амьдралын нөхцөл байдал нь муудаж байгаа Америкийн ард түмний аж байдлыг дээшлүүлэх явдал АНУ-ын зорилго юм бол БНХАУ-тай тэд хамтарч ажиллах ёстой. Хамтын ажиллагаа бол шилдэг сонголт гэдгийг эрүүл саруул ухаан хэлж байна. Гэхдээ АНУ-ын зүгээс Хятадтай дайсагнах хандлага (үндсэндээ улс төрийн бодлогын тухай өгүүлж байгаа хэрэг) баримталж байгаа тохиолдолд эрүүл саруул ухаан давамгайлах нь юу л бол.

Ардчилагчид хальсан хуягаа тайлах болно

Г.Жон Айкенберри:

/Принстоны их сургуулийн улс төр, олон улсын харилцааны профессор, “Атгаалжин либерал мангасыг ялсны дараа”, (After Victory and Liberal Leviathan) номын зохиогч/

Барууны том стратегийн тухай мэтгэлцээнд оролцогч бүх талынхныг энэ хямрал ойрын ирээдүйд улам хүчтэй болгоно. Үндсэрхэг үзэлтнүүд, глобалчлалыг эсэргүүцэгчид, Хятадыг дайсагнагчид, тэр бүү хэл либерал интернационалчид гээд бүгд өөрсдийн үзэл бодлыг чухал гэдгийг нотлох шинэ гэрч нотолгоо олцгооно. Учирч байгаа эдийн засгийн хор хохирол, нийгмийн задралыг харгалзан үзвэл бид үндсэрхэг үзлийн зүг улам бүр хүчээ авч байгаа хөдөлгөөн, их гүрнүүдийн сөргөлдөөн, стратегийн тархай бутархай байдал гэх мэт зүйлийн гэрч болох биз ээ.

Гэхдээ одоо 1930, 1940-өөд оныхтой адил сөрөг урсгал аажмаар үүсч болох бөгөөд энэ нь дайны өмнө болон дайны үеэр Франклин Рузвельт хийгээд төрийн бусад зүтгэлтний томьёолж тодорхойлж эхэлсэнтэй төстэй ямар нэгэн эрүүл саруул, гөжүүд интернационализм юм. Орчин үеийн олон улсын нийгэм өөр хоорондоо ямар их уялдаа холбоотой, Франклин Рузвельтийн хэлсэнчлэн гинжин урвалд орохдоо амархан болохыг 1930-аад оны дэлхийн эдийн засгийн сүйрэл харуулсан. Тэр үед бусад их гүрний зүгээс АНУ-д учруулах заналхийлэл бага, харин орчин цаг үеийн дотоод гүний хүч, түүний хоёр нүүр (доктор Жекил, ноён Хайд хоёрын жигтэй явдлыг санацгаая) ихээхэн хортой байсан. Рузвельт болон бусад интернационалчид дайны дараахь дэг журмыг хамгаалах шинэ хэлбэр, харилцан хамаарлын шинэ потенциалаар баяжсан нээлттэй систем болгож өөрчлөн байгуулна хэмээн өөртөө төсөөлж байсан. Тэдний хувьд дайны дараах нээлттэй дэг журмаар ажиллах хэрэгтэй байсан, үүний тулд глобал дэд бүтэц, олон талын хамтын ажиллагааны механизм байгуулах шаардлага тулгарч байсан.

Тийм учраас АНУ болон барууны бусад ардчилагчийн хувьд эмзэг байдлаа хурцаар мэдэрмэгц шууд үйлчилж эхэлдэг тэрхүү хариу үйлдлийн дарааллаар явж болох юм. Хариу үйлдэл эхэндээ үндсэрхэг байж болох хэдий ч яваандаа шинэ маягийн прагматик протекционист интернационализмыг эрж олохын тулд ардчилагчид хальсан хуягаа тайлах хэрэгтэй болно.

Ашиг орлого бага ч тогтвортой байдал илүү нэмэгдэнэ

Шеннон К.О’Нил:

/Олон улсын харилцааны зөвлөл дэх Латин Америкийн судалгааны эрдэм шинжилгээний ахлах ажилтан, (“Салшгүй хоёр үндэстэн: Мексик, Нэгдсэн улс хийгээд “Зам урагшаа”) номын зохиогч/

-Дэлхийн үйлдвэрлэлийн үндсэн суурь тулгуурыг COVID-19 ганхуулж байна. Одоо компаниуд өөрсдийн стратегийг эргэн харж, өнөөгийн үйлдвэрлэлд давамгайлж байгаа олон шатлал, олон үндэстэн бүхий гинжин нийлүүлэлтээ багасгах болно.

Хятадад ажиллах хүчний өртөг өссөн, Трампын худалдааны дайн, роботтехникийн салбарын шинэ ололт амжилт, автоматчилал, 3D хэвлэл зэргээс үүдэлтэй эдийн засгийн шүүмжлэл, мөн ялангуяа хөгжингүй эдийн засагт тохиолдож байгаа ажлын байрны бодит болон хуурамч алдагдлаас үүдэлтэй улс төрийн шүүмжлэлийн галд нийлүүлэлтийн глобал хэлхээ аль хэдийнэ өртсөн. Эдгээр холбоо хэлхээний нэлээдийг COVID-19 тасалсан. Халдвар тархсан бүсүүдэд завод, фабрикууд хаагдаж, бусад үйлдвэрлэгч, мөн түүнчлэн эмнэлэг, эмийн сан, супермаркет, жижиглэн худалдаа эрхлэгчид нөөцгүй, бараа бүтээгдэхүүнгүй болцгоосон.

Цар тахлын өөр нэг тал бас бий. Нийлүүлэлт хаанаас ирж байгааг мэдэхийг хүсч байгаа компаниуд одоо улам бүр олон болох бөгөөд үр ашигт муугаар нөлөөлөх хэдий ч баталгаатай нөөцөө ахиулах асуудлаа шийднэ. Стратегийн салбаруудыг нөөц төлөвлөгөө боловсруулах, нөөц бий болгохыг шахаж шаардах замаар төр засгийн зүгээс ч мөн оролцох болно. Үйлдвэрийн газруудын ашиг орлого буурах боловч нийлүүлэлт тогтвортой өсөн нэмэгдэх ёстой.

Энэ цар тахал ашиг тус ч авчирч болох юм

Шившанкар Менон:

/Рукингсын хүрээлэнгийн (Энэтхэгийн салбар) эрдэм шинжилгээний ажилтан, Энэтхэгийн Ерөнхий сайд асан Манмохан Сингхийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан/

-Үр дагаврын талаар шүүн ярилцахад одоогоор эрт боловч гурван зүйл аль хэдийнэ тов тодорхой болжээ. Нэгдүгээрт, коронавирусын цар тахал манай дотоод, гадаад бодлогыг өөрчилнө. Олон нийгэм, тэр бүү хэл либертар нийгэм ч ялгаагүй төрийн засаглалд хандаж байна. Цар тахал, түүний эдийн засгийн үр дагаврыг (эсвэл сүйрлийг) гэтлэн давах талаар гаргасан ололт амжилтууд нийгмийн дотоод дахь туйлшрал болон аюулгүй байдлын асуудалд нөлөөлөх болно. Юутай ч төрийн засаглал эргэн буцаж ирж байна. Дарангуйлагчид болон популистууд бусдаас огт дутахгүйгээр халдварын тархалттай тэмцэж чадаж байгааг туршлага харуулав. Бүр эхнээс нь хариу арга хэмжээ авч, тун амжилттай яваа улс орнууд (Өмнөд Солонгос, Тайвань) бол ардчилсан улс бөгөөд, тэдгээрийг популист, авторитар лидерийн хэн нь ч удирдаагүй.

Гэхдээ харилцан холбогдсон дэлхий ертөнцийн төгсгөл болтол яагаа ч үгүй хол байна.  Цар тахал өөрөө бидний харилцан хамаарлын гэрч болсон.

Гэхдээ дотогшоо хандах, бие даан автоном орших эрэл хайгуул, хувь тавилангаа өөрөө бие даан тодорхойлох үйл явц бүх улс оронд аль хэдийнэ эхэлсэн. Ирээдүйд дэлхий ертөнц илүү ядуу зүдүү, хахир хатуу бас өчүүхэн жижиг байх болно.

Гэхдээ итгэл найдвар, эрүүл саруул ухааны шинж тэмдэг эцсийн эцэст гарч эхэлж байна. Цар тахлын аюул заналын эсрэг нийт бүс нутгийн хэмжээний хариу арга хэмжээ боловсруулахын тулд Өмнөд Азийн бүх улс орны лидерийн видео бага хурал зохион байгуулах санаачилгыг Энэтхэг улс гаргав. Хэрэв COVID-19 биднийг хангалттай хэмжээнд сэгсэрч, бидний өмнө зогсож байгаа чухал глобал асуудлаар олон талт хамтын ажиллагааны ашиг тусыг албадан ойлгуулж чадвал тэрээр бидэнд ашиг тус авчрах болно.

Америкийн засаг төрд шинэ стратеги шаардлагатай болно

Жозеф Най:

/Гарвардын их сургуулийн профессор, “Ёс суртахуун чухал уу? Франклин Рузвельтээс Трамп хүртэлх Ерөнхийлөгч нар ба гадаад бодлого” (Do Morals Matter? Presidents and Foreign Policy from FDR to Trump) номын зохиогч/

-Ерөнхийлөгч Дональд Трамп их гүрнүүдийн өрсөлдөөнд ихээхэн анхаарал хандуулсан үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг 2017 онд тунхагласан. Энэхүү стратегийн сул талыг COVID-19 илтгэн харуулав. Тэр бүү хэл, АНУ агуу их гүрний хувьд бие даан ганцаар үйл ажиллагаа явуулсан ч өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байна. Энэ асуудлыг 2018 онд Ричард Данциг дараахь байдлаар томьёолсон. Тухайлбал, “21 дүгээр зууны технологиуд нь өөрийнхөө түгэн дэлгэрэх цар хэмжээгээр төдийгүй мөн өөрсдийн үр дагавраараа ч глобал шинжтэй юм. Патогенүүд, хиймэл оюун ухааны системүүд, компьютерийн вирусүүд болон цацраг туяа зэрэг нь зөвхөн тэдний төдийгүй мөн бас бидний асуудал болж бүрэн чадна. Тайлагналын зөвшилцсөн систем, ерөнхий арга хэмжээ болон удирдлага, хяналтын механизм, онцгой нөхцөлд ажиллах ерөнхий хэм хэмжээ, төлөвлөгөө зэргийг бий болгох, мөн түүнчлэн бидэнд тохиолдож болох олон тооны эрсдлийг багасгах зорилгоор гэрээ байгуулах хэрэгтэй байна”.

COVID-19, эсвэл цаг уурын өөрчлөлт гэх зэргийн үндэстэн дамнасан аюул заналын тухайд АНУ-ын хүч чадал, эрх мэдлийг бусад улс орны дээгүүр тавьж бодох нь хангалтгүй юм. Бусадтай хамтарсан хүч чухал болохыг танин мэдэхэд мөн амжилтын түлхүүр оршино. Улс орон нэг бүр юуны өмнө өөрийн үндэсний ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавих бөгөөд харин энэхүү ашиг сонирхлыг хэр зэрэг өргөн, эсвэл нарийн хүрээнд тодорхойлж байгаад чухал асуудал орших юм. Энэхүү шинэ ертөнцөд бид өөрийнхөө стратегийг зохицуулж чадахгүй байгааг COVID-19 харуулж байна.

COVID-19-ийн намтар түүхийг ялан дийлэгчид бичнэ

Жон Аллен:

/Брукингсийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, АНУ-ын тэнгисийн явган цэргийн Корпусын дөрвөн одот чөлөөнд гарсан генерал, НАТО-гийн аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүчний болон Афганистан дахь АНУ-ын хүчний командлагч асан/

-Байнга тийм байсаар ирсэн, одоо ч тийм байх болно. CОVID-19-ийн цар тахлыг “ялан дийлэгчид” л түүхийг бичих болно. Энэ өвчний нийгэмд үзүүлж байгаа дарамт, нөлөөг улс орон бүр, одоо хүн нэг бүр улам хүчтэй мэдэрч байна. Илүү их хор хөнөөл, сүйрэл зовлонд өртөж, сөрөг муу үр дүнтэй гарсан улс орнуудыг бодвол улс төр, эдийн засгийн хосгүй систем хийгээд мөн өөрсдийн эрүүл мэндийн системийн сайн талын ачаар цөхрөлтгүй тууштай байж, тэсч давж гарсан улс орнууд л амжилтын төлөө өрсөлдөх болно. Хэн нэгэнд энэ нь ардчилал, олон талт харилцааны зарчим, бүх нийтийн эрүүл мэндийн агуу том, эргэлт буцалтгүй ялгуусан ялалт мэт харагдах байх.

Бас өөр хэн нэгэнд энэ бол эрс шийдэмгий авторитар засаглалын “давуу талыг” харуулсан явдал болох байх. Юутай ч энэ хямрал олон улсын засаглалын бүтцийг дахин бүрэн дүүрэн шинэчилж, үүнийг бидний төсөөлж чадахааргүйгээр хийх болно. COVID-19 эдийн засгийн идэвхжлийг дарамталж, улс орнуудын хооронд хурцадмал байдлыг улам хүчтэй болгоно. Алс хэтдээ энэхүү цар тахал глобал эдийн засгийн үйлдвэрлэлийн потенциалыг, ялангуяа компаниуд хаагдаж, ажлын байр байхгүй болох тохиолдолд, мэдэгдэхүйц сулруулж болох юм. Хөгжиж байгаа улс орнууд болон эдийн засгийн хувьд хамгаалалтгүй олон тооны ажилчидтай эдийн засгийн хувьд эмх замбараагүй байдлын эрсдэл онцгой хүчтэй байх болно. Олон улсын систем өөрөө асар том ачаалал үүрэх учраас дотоодын болон олон улсын зөрчил мөргөлдөөнийг олноор үүсгэж, тогтворгүй байдал бий болгоно.

Глобал капитализмын драмтай шинэ үе шат

Лори Гаррет:

/Олон улсын харилцааны зөвлөлд глобал эрүүл мэндийн асуудлаар эрдэм шинжилгээний ахлах ажилтан асан, зохиолч, Пулицерийн шагналтан/

-Дэлхийн санхүү, эдийн засгийн системд гарч байгаа томоохон доргио чичиргээ бол ханган нийлүүлэлтийн глобал хэлхээ болон хуваарилалтын сүлжээний тогтвортой байдал маш хүчтэй алдагдаж, саатал тасалдал тохиолдож байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Тийм учраас коронавирусын цар тахал эдийн засгийн урт удаан хугацааны үр дагавар дагуулаад зогсохгүй мөн томоохон суурь өөрчлөлтөд бас хүргэнэ. Үйлдвэрлэлээ бүх дэлхий даяар хуваарилан тарааж, бүтээгдэхүүнээ агуулахад хадгалах шаардлагагүйгээр цаг алдалгүй зах зээлд хүргэх боломжийг компаниудад глобалчлал олгосон. Хэрвээ тавиур дээр нөөцүүд хэд хоновол үүнийг зах зээлийн тасалдал, саатал хэмээн тооцдог байв. Нийлүүлэлтийг глобал төвшинд, харилцан зөвшилцсөний үндсэн дээр, маш сайн бэлтгэж, цаг тухайд нь хэрэгжүүлэхэд хүрдэг байсан. Өвчин үүсгэгч микробууд зөвхөн хүнд халдварлаад зогсохгүй мөн маш нарийн цагийн хуваарьтай нийлүүлэлтийн системийг ч мөн хордуулдаг болохыг СOVID-19 нотоллоо.

Хоёрдугаар сараас хойш санхүүгийн зах зээл дээр дэлхий ертөнцийн амсч байгаа алдагдлын цар хэмжээг харгалзан үзвэл цар тахлын дараа компаниуд “яг цагт нь” хэмээх зарчмаар ажиллах загвараасаа, мөн үйлдвэрлэлийн глобал хуваарилалтаас татгалзаж эхлэх магадлалтай. Нийлүүлэлтийн хэлхээг гэрт ойртуулах, ирээдүйд гарч болзошгүй тасалдал, саатлаас сэргийлэхийн тулд бүтээгдэхүүний нөөц бий болгох зэргээр глобал капитализмын хувьд драмтай шинэ үе шат эхэлнэ. Энэ нь компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлөх боловч системийг илүү сайн амьдрах чадвартай, шалгуур даадаг тэсвэртэй болгоно.

Дампуурсан шинэ улс орнууд

Ричард Хаасс:

/Олон улсын харилцааны зөвлөлийн ерөнхийлөгч, “Дэлхий ертөнц: товч удиртгал” (The World: A Brief Introduction) номын зохиогч/

“Тасралтгүй үргэлжлэх, байнгын” (“перманентный”) хэмээх үг “бага”, “юу ч үгүй” хэмээх үгтэй утга нэг санагдаж, надад таалагддаггүй юм. Гэхдээ коронавирусын улмаас улс орнууд багадаа нэлээд хэдэн жилийн турш гадаад улс орнууд руу биш, харин өөрсдийнх нь хил хязгаарын дотоодод болж байгаа бүхэнд анхаарал төвлөрч, дотогшоо хандах болов уу гэж бодож байна. Ханган нийлүүлэлтийн хэлхээний эмзэг байдлыг харгалзан сонголттойгоор өөрийгөө хангах (үүний үр дүнд холбоо харилцааг сулруулахад хүргэнэ) тал руу илүү идэвхтэй алхмууд хийнэ гэж би харж байна. Өргөн цар хүрээтэй цагаачлалын эсрэг илүү хатуу ширүүн эсэргүүцэл бий болно. Өөрийнхөө эдийн засгийг сэргээж, хямралын эдийн засгийн үр дагаврыг арилгахад нөөцөө зориулах хэрэгцээг байнга мэдрэх болохоор улс орнууд бүс нутгийн болон глобал асуудалд (түүний дотор цаг уурын өөрчлөлтийн)  оролцох бэлэн байдал, хүсэл сонирхол буурна.

Хямралын дараа олон орны хувьд сэргэлт авахад хүнд хэцүү байх болов уу гэж би бодож байна. Хэд хэдэн улс орны төрийн засаглал суларч, өөрийгөө авч явж чадахгүй улс орны тоо олон болно. Хямрал Хятад-Америкийн харилцааг муутгаж, Европын интеграцийг сулруулах биз ээ. Гэхдээ эерэг сайн тал ч бас гарна, тухайлбал, эрүүл мэндийн глобал систем, түүний удирдлага тодорхой төвшинд бэхжинэ хэмээн хүлээж найдаж болно. Бүхэлдээ глобалчлалд үндэслэсэн хямрал түүнийг гэтлэн давах дэлхий дахины бэлэн байдал, чадавхийг сулруулна.

Америкийн Нэгдсэн улс тэргүүллийн төлөөх шалгалтаа өгч чадсангүй

Кори Шаке:

/Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч/

Энэ улс орны Засгийн газар хувиа хичээсэн явцуу ашиг сонирхолтой, чадвар, чадамжгүйн зовлон амсч байгаа болохоор АНУ-ыг дэлхийн лидер хэмээн цаашид үзэхээ болино. Хэрэв олон улсын байгууллагууд бүр эхний үе шатанд илүү их мэдээлэл өгсөн бол цар тахлын глобал үр дагаврыг нэлээд сулруулж болох байсан. Ийм тохиолдолд улс орнуудад бэлтгэх, нөөц илүү шаардлагатай салбаруудад нөөцөө дайчлах цаг хугацаа хангалттай байх байсан. Энэ ажлыг АНУ хэдийгээр хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, бас зөвхөн түүнийгээ удирдлага болгодоггүй ч гэсэн бүрэн дүүрэн хийж чадах байсан. Вашингтон тэргүүллийн төлөөх шалгалтдаа унасан болохоор дэлхийн дахинд л муу байх болно.

Хүний сэтгэлийн тэнхээ тамирыг бид улс орон бүхэнд үзэж харж байна

Николас Бернс:

/Харвардын их сургуулийн удирдлагын сургуулийн профессор, төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч асан/

-Манай эрин зууны агуу их глобал хямрал бол COVID-19 цар тахал боллоо. Түүний хамарсан хүрээ, гүн гүнзгий хор хөнөөл асар их. Нийгмийн эрүүл мэндийн хямрал дэлхийн 7.8 тэрбум хүн нэг бүрт аюул занал учрууллаа. Санхүү-эдийн засгийн хямралын үр дагавар 2008-2009 оны их уналтаас ч илүү гарах бололтой. Хямрал бүхэн тус тусдаа олон улсын систем хийгээд бидний мэдэх хүчний харьцааг нэгмөсөн өөрчлөх газар хөдлөлийн түлхэлт болж чадах ажээ.

Олон улсын хамтын ажиллагаанд учирсан бүхэнд харамсах нь хангалтгүй. Дэлхийн хамгийн хүчирхэг улс орон болох АНУ болон Хятад хоёр хямралын төлөө хэн нь хариуцлага хүлээх, хэн нь илүү үр ашигтай удирдаж чадах тухай хэл амны дайнаас татгалзахгүй бол тэдгээрийн нэр хүнд навс унаж мэднэ. Европын холбоо хэрэв өөрийнхөө 500 сая иргэнд илүү зорилго чиглэлтэй тусламж үзүүлж чадахгүй бол үндэсний Засгийн газрууд хэтдээ маш олон бүрэн эрхийг Брюсселээс эгүүлэн хурааж авах биз ээ. АНУ-ын хувьд хямралыг хазаарлан зогсоох талаар холбооны Засгийн газар үр ашигтай арга хэмжээ авах явдал нэн чухал байна.

Гэхдээ хүний сэтгэлийн тэнхээ тамир ямар агуу их хүч чадалтай болохыг харуулсан үлгэр жишээ улс орон бүрт маш олон бий. Эмч, сувилагч, улс төрийн удирдагч, жирийн ард иргэд тэсвэр хатуужил, үр дүн, удирдагч хүний шинж чанар гэж юу болохыг харуулж байна. Даян дэлхийн хүмүүс энэхүү онцгой сорилгод хариулангаа нэгдэн нягтарч, бүхнийг ялан дийлнэ гэсэн итгэл найдварыг энэ бүхэн төрүүлж байна.

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
615408
13 эможи
keyboard_arrow_up