Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Covid-19” өвчний Нью-Йорк хот дахь тархалт Ази бус Европ тивээс гаралтайг судалгаагаар тогтоожээ

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

Их-20”-ийн удирдагчид коронавирусний цар тахалтай улс орнууд дангаараа бус бүх орны төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хамтран тэмцэх, вирусээс үүдэн зах зээлд үүссэн шок, эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр даван гарах, эрүүл мэнд, санхүү, эдийн засгийн хүрээнд нэгдэн ажиллахыг уриалав.

АНУ-ын төр засгаас иргэддээ хандан өөрсдийгөө аль болох тусгаарлаж, халдварын тархалтыг бууруулахыг уриалж байна. “Covid-19” өвчний Нью-Йорк хот дахь тархалт Ази бус Европ тивээс гаралтайг судалгаагаар тогтоожээ. Өвчин 02 дугаар сарын дунд үеэс буюу анхны тохиолдол бүртгэгдэхээс цөөнгүй 7 хоногийн өмнө иргэдийн дунд тархаж эхэлсэн байна. Нью-Йоркийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн судалгаагаар ч үүнтэй төстэй дүгнэлт гарчээ. Төр засаг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай хэрэгжүүлсэн бол вирусний тархалтыг тогтоон барих боломжтой байсан гэж зарим судлаач үзэж байна.

Тус улсын ШУА Цагаан ордонд ил захидал илгээсэн байна. Ил захидалд “Сүүлийн үед хийгдсэн судалгаа, шинжилгээнд үндэслэн шинэ төрлийн коронавирусний тархалт дулааны улиралд саарах эсэх нь тодорхойгүй гэж дүгнэхэд хүрлээ” гэжээ.

АНУ-ын Засгийн газар хумхаа өвчний үед ашигладаг гидроксихлорокин эмийг их хэмжээгээр Үндэсний стратегийн нөөцөд нөөцлөхөөр төлөвлөж байгаагаа зарлав. Гэвч энэ эм “Covid-19” өвчний эмчилгээнд үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй байгаа талаар цөөнгүй судлаач анхааруулж буй. Халдвар хурдацтай тархаж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэд нэмэгдсэнтэй холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсч эхлэв. Ялангуяа амьсгалын зам чөлөөлөх болон вирусний эсрэг үйлчилгээтэй антибиотик, өвчин намдаах эм хамгийн их дутагдаж байгаа аж. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан антибиотик, вирусний эсрэг үйлчилгээтэй эмний захиалга 3 дахин нэмэгджээ. Түүнчлэн өвчин намдаах тодорхой нэр төрлийн эмний эрэлт 60-100 хувь өсөв.

АНУ-д давхардсан тоогоор нийт 1.7 сая шинжилгээ хийгдсэн ч алслагдмал хот сууринд оношлуур хүрэлцээгүй хэвээр байна. Иймээс 02 дугаар сарын сүүл, 03 дугаар сарын эхээр томуу, хатгалгаа оноштойгоор нас барсан иргэд коронавирусний халдвартай байсан байх магадлалтай гэж зарим судлаач үзэж байна. Тухайлбал, АНУ-ын Жон Хопкинсийн Их сургуулийн эрдэмтэд нас барагсдын бодит тоо албан ёсны тооцооноос давсан байж болзошгүй гэжээ. “Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв” нас баралт тооцох шинэ аргачлалыг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд “коронавирусний халдвар авсан нь баталгаажсан, эсвэл шинжилгээ өгөөгүй ч сэжиглэх хангалттай үндэслэлтэй бол “Covid-19 өвчний улмаас нас барсанд тооцож болно” гэжээ.

ИБУИНВУ “Covid-19”-тэй тэмцэх хүрээнд иргэний байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, вирусний халдвар авсан иргэдийг агаараар яаралтай тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэх зэвсэгт хүчний 20 мянган цэргийн алба хаагчаас бүрдсэн “Ковид дэмжлэгийн хүч” (COVID Support Force)-ийг байгуулсан байна. Мөн Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн лаборатори тус улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын “Covid-19” өвчнийг судлах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Лондон хотын зүүн хэсэгт “Covid-19” өвчинтэй тэмцэхэд зориулан шинээр (Nightingale Hospital) эмнэлэг барьж байгаа бөгөөд эхний ээлжид 500 хүний ортой тасгийг, дараа нь 3000 хүний ортой тасгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн зэвсэгт хүчний барилга, инженерийн бүрэлдэхүүн нийт 10 хээрийн эмнэлэг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Их Британид халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан ирэх 7 хоногт дуусах байсан хөл хориог сунгах төлөвтэй байна.

ИБУИНВУ коронавирусний эсрэг олон улсын хамтын ажиллагаа, тэмцлийг идэвхжүүлэх чиглэлээр дараах байр суурийг илэрхийлэв:

  • Вакцин бүтээх ажлыг түргэвчлэх, вакцин гаргаж авсан нөхцөлд хүн бүрт хүртээмжтэй, хямд байлгахад анхаарах;
  • Коронавирусний эсрэг вакцин бүтээхэд зориулж 210 сая фунт стерлингийн нэмэлт тусламжийг Тахлаас сэргийлэх инновацийн эвсэл (CEPI)-д үзүүлэх;
  • Түргэн оношлуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, коронавирустэй тэмцэх хүрээнд тус улсаас олгох тусламжийн нийт дүнг 544 сая фунт стерлингт хүргэв;
  • ОУВС-аар дамжуулан эмзэг эдийн засагтай улс орнуудад санхүүгийн туслалцаа үзүүлэх.

БНФУ-д амны хаалт хэрэглэх шаардлагатай эсэх маргаан үргэлжилсэн хэвээр байна. Францын “LCI” телевизийн сувгаар вакцины туршилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх үед нэг эмч “Covid-19”-ийн эмчилгээнд хлорокин эмээс гадна сүрьеэгийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой, үүнийг эхлээд Африк тивийн орнуудад туршиж болох юм гэсэн яриа өгүүлэл гаргасныг олон нийт хурцаар шүүмжлэв. Уг асуудлыг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Чебрейсус мөн буруутган мэдээлэл хийв. Тэрээр, Африк тивд ямар ч вакцины туршилт хийгдэхгүй, ДЭМБ ч үүнийг зөвшөөрөхгүй. Дэлхий нийтэд, Европ, Африк, ер нь хаана ч вакцин, эм эмчилгээг туршихдаа тогтсон дүрэм, журмаа баримтална гээд “колонийн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй”-г онцолжээ.

ХБНГУ-ын Засгийн газар Япон Улсад үйлдвэрлэгдэж буй томуугийн эсрэг “Авиган” эмийг “Covid-19” өвчний эсрэг ашиглахаар болов. Тус улсын Засгийн газар эмийг богино хугацааны хэрэгцээнд нөөцлөхөөр төлөвлөж байгаа аж. “Фүжифилм” компанийн үйлдвэрлэж буй энэхүү эмийг БНХАУ үр дүнтэй болохыг баталсан байдаг. ХБНГУ-д 7 хоногт 300 мянган хүнийг оношилж байгаа нь нийт хүн ам буюу 82 сая хүнийг оношлоход 3 жилийн хугацаа шаардагдахаар байна гэж албаны эх сурвалж мэдэгдэв.

Итали Улсын Миланы их сургуулийн Халдвар судлал, эмнэлгийн статистикийн профессор Карло Ла Веккио “Covid-19”-өөр 5 сая орчим хүн өвчилсөн байх магадлалтай гэж үзэв. Түүнчлэн өвчний улмаас нас барсан хүний тоо бодит байдал дээр 60 орчим мянга буюу одоогийнхоос 3 дахин их байгаа гэж тэрээр өөрийн судалгаанд үндэслэн таамаглав.

Бельгийн Вант Улс орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмийг 04 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал сунгав. Тус улсад “Covid-19”-ийн дэгдэлтийн хоёр дахь давлагаа 04 дүгээр сарын эхний хагаст тохиож, халдварын тархалт дээд цэгтээ хүрэх тул хөл хорионы дэглэмийг урьдын адил чанд мөрдөх шаардлагатай хэмээн үзэж байна. Одоогоор оношлуур хүрэлцэхгүй байгаа тул эмнэлэгт ирсэн хүнд өвчтөнүүд, эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд оношлуур хангалттай болсон үед асрамжийн газрын өндөр настнууд, эмзэг бүлгийн иргэдийг хамруулах чиглэл барьж байна. Брюсселийн ULB их сургуулийн судлаачид халдвар авсан эсэхийг 15 минутад тогтоох чадвартай оношлуур бүтээж, Засгийн газраас хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хүлээж байгаа аж.

Тус улсын Зэвсэгт хүчин стратегийн нөөц хүчний үүрэгтэйгээр, бэлэн байдлын зэрэгт шилжиж, “Covid-19” өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулах “Хямралын үед ажиллах бүлэг” /crisis cell/-ийг байгуулав. Улмаар Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлд “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай удирдамж танилцуулан тусгай цахим хуудас нээн ажиллуулж байна.

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас “Covid-19”-тэй тэмцэх ажлын хүрээнд оношилгооны хариуны нэгдсэн систем нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа аж. Энэ сарын 01-ний өдрөөс “Covid-19” халдварын оношилгооны нийт 40 лабораторийн шинжилгээний хариуг нэгдсэн системд оруулсан байна. “Covid-19” халдварын эсрэг судалгааны ажилд зориулж эрүүл мэндийн даатгалын системийн мэдээллээс хувь хүний мэдээллийг нууцлан үйлчлүүлэгчийн өвчний түүхтэй холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яаманд өгч эхэлжээ.

Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас эмийн санд байгаа түргэвчилсэн оношлуур нь “Covid-19”-ийг баталгаатай, үнэн зөв оношилж чадахгүй, баталгаа байхгүй учир эрсдэл дагуулна гэж үзэв. Улмаар эмийн сангуудад “Covid-19”-ийн оношилгооны тест худалдахыг хориглосон байна.

Бүгд Найрамдах Турк Улсад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа нь сүүлийн 2 сарын хугацаанд гадаад улсаас ирсэн 200 мянган иргэнээ шинжилгээнд бүрэн хамруулаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Мөн АНУ-д тусламж болгон 500 мянган оношлуур илгээснээс дотооддоо хомстолд оржээ. Засгийн газар өвчний тархалтаас сэргийлэх үүднээс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах; төрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүд цөөн ажилтантайгаар богиносгосон цагаар ажиллах; нийтийн тээврийн хэрэгсэл нийт ачааллын 50 хувиас ихгүй зорчигч тээвэрлэх; олон нийтийн газруудыг түр хугацаагаар хаах; иргэдийг олноор цугларахыг хориглох; олон улсын бүх нислэгийг зогсоох зэрэг нэмэлт арга хэмжээ авахаар болов. Засгийн газар “Гэртээ бай” гэсэн уриалгыг сурталчилж, биелүүлээгүй иргэдэд шаардлагатай бол хүч хэрэглэж байна. Мөн үнийн хөөрөгдөл гаргасан 198 компанид 10 гаруй сая лирийн торгууль ногдуулжээ.

БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Эрдоан амны хаалтын худалдааг хориглож, үнэгүй тараах болсныг мэдэгдсэн. Энэ дагуу, тус улсын иргэн бүрт 7 хоногт 5 амны хаалтыг Шуудан, цахилгаан холбооны байгууллагаас хүргэхээр болов. Иргэн амны хаалтыг хүлээн авахын тулд үндэсний цахим худалдааны ePttAVM.com сайтад бүртгүүлнэ. Харин 65-аас дээш, 20-оос доош настай иргэдийг гэрээс гарахыг хориглосон учир үнэгүй амны хаалт олгохгүй аж.

Туркийн өндөр технологийн Baykar, Aselsan, TAI зэрэг компанийн 100 гаруй инженерүүд олон улсын стандартад нийцсэн эх орны үйлдвэрийн амьсгалын аппаратыг бүтээсэн байна. Гэр ахуйн бараа үйлдвэрлэгч Arseliк компани амьсгалын аппаратыг их хэмжээгээр үйлдвэрлэн, 04 дүгээр сарын 15-наас хойш зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар Турк Улсад коронавирусний эсрэг эм, вакцин гаргах 2.7 сая ам.долларын санхүүжилт бүхий 14 төсөл хэрэгжиж, коронавирустэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд 24 их дээд сургууль, төрийн мэдлийн судалгааны 8 институц, хувийн хэвшлийн 8 компани болон бие даасан судлаачид ажиллаж байна. Турк Улсын ЭМЯ, гадаад улсын иргэнд коронавирусний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй хийх аж. Мөн Ерөнхийлөгч Р.Эрдоан Ататуркийн нисэх онгоцны буудал, Санкактеп дүүрэгт тус бүр 1000 ортой 2 шинэ эмнэлгийг хурдан хугацаанд барина гэж мэдэгдэв. Иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компани коронавирусний цар тахлын улмаас дотоодын нислэгээ 04 дүгээр сарын 03-наас 20-ны хооронд зогсоож, олон улсын нислэгийн зогсолтоо 05 дугаар сарын 01 хүртэл сунгав. Тус улсын 124 иргэн коронавирусний халдварын улмаас хилийн чанадад нас барсан байна.

Израилийн ЭМЯ иргэдийг гэрээсээ 100 метрээс хол газар явахгүй байх; нийтийн тээврийг хэсэгчлэн хязгаарлах; хурим болон шашны арга хэмжээг 10 хүртэлх хүн хоорондоо 2 метрийн зай барьж зохион байгуулах; автомашинаар дээд тал нь 2 хүн зорчих, ингэхдээ зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлэг рүү явах; хүнс, эм, өргөн хэрэглээний бараа, сонин зэргийг хүргэлтээр түгээх; хүнсний дэлгүүр, эрүүл ахуй, эмнэлэг ариутгалын болон цахилгаан барааны худалдаанаас бусад үйлчилгээний газрыг хаах; хүргэлт хийж буй барааг зөвхөн гэрийнх нь гадна хүргэх; үйлчилгээний газруудад 2 метрийн зай барьж, 4 хүнээс илүү дараалал  үүсгэхгүй байх; аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа биеийн халууныг өглөө бүр хэмжиж, +38-аас дээш хэмийн халуунтай хүнийг ажиллуулахгүй байх; иргэдийг нэг дор 10-аас дээш тоогоор цуглахгүй байх гэсэн зөвлөмж гаргав. Уг зөвлөмжийг зөрчсөн этгээдэд 500 шекелийн торгууль ногдуулах аж. Тус улсад коронавирусний улмаас 815 мянга гаруй хүн ажилгүй болж, ажилгүйдлийн түвшин 4 хувиас 19.6 хувь хүртэл өссөн бөгөөд ирэх сард ажилгүй иргэдийн тоо 1 саяд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.

Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орон (Бахрейн, Катар, Кувейт, АНЭУ, Оман, Саудын Араб)-ууд “Covid-19” халдварын улмаас хүнсний хомстол бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын сүлжээ байгуулахаар төлөвлөж байна.

Катар Улс иргэдэд шаардлагатай эмийн бүтээгдэхүүнийг гэрээр хүргэх, ард иргэдэд тус вирусний талаар мэдлэг олгох зорилгоор соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, иргэд олноор цугларахаас сэргийлж "Al-Asas" роботыг ашиглаж эхэлсэн бөгөөд улс даяар 5 тонн хүнсний ногоо тараах аян зохион байгуулж байна.

Мөн шинэ төрлийн коронавирусний талаар иргэдэд үнэн зөв мэдээллийг тухай бүр түгээх ажлын хүрээнд +97460060601 “Whatsapp” дугаарт “Chatbot” үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Иргэдийн хувьд коронавирустэй холбоотой мэдээллийг шуурхай тодруулах боломж бүрдэж байгаа бөгөөд тус автомат хариулагч нь араб, англи, урду, хинди, непал, малаялам гэсэн 6 хэлээр хариу өгөх боломжтой аж.

АНЭУ-ын томоохон супемаркетуудыг ариутгаж, тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа буухгүйгээр коронавирусний шинжилгээ өгөх боломж бүхий оношилгооны 3 төвийг Дубай хотод нээжээ.

Саудын Арабын хаан Салман бин Абдул-Азиз Аль-Сауд хувийн аж ахуйн нэгжүүд ажилчдаа халахаас сэргийлж, 9 тэрбум риалыг хуваарилахаар болсон байна. Мөн Риад, Табук, Даммам, Дахран, Хофуф, Жедда, Тайф, Катиф зэрэг хот, мужид 24 цагийн хөл хорио тогтоож, орох, гарах хөдөлгөөнийг зогсоож, иргэдийг зайлшгүй тохиолдолд буюу эмнэлгийн тусламж, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор 06:00-15:00 цагийн хооронд гэрээсээ гарахыг зөвшөөрөв. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй ресторануудын үйлчилгээ, хоолны сав баглаа, боодлыг чанарын өндөр түвшинд хангаж ажиллахыг үүрэг болгов.

Кувейт Улсын Засгийн газар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын амралтыг 04 дүгээр сарын 12-ны өдрөөс дахин 14 хоног сунгаж, улс даяар тогтоосон хөл хорио 17:00-04:00 байсныг 17:00-06.00 цаг болгон хоёр цагаар нэмж, загасны мах худалддаг захуудыг хааж, дэлгүүр, зочид буудал, ресторануудыг загас, загасан бүтээгдэхүүн зарж борлуулахыг тодорхойгүй хугацаанд хориглов.

Австралийн Холбооны Улсын хэмжээнд хөл хорионы дэглэмийг чангатгаж, 2-оос дээш хүн цугларах, шаардлагагүй тохиолдолд гадуур явсан бол 11,000 австрали доллар /9604 ам.доллар/ хүртэл торгууль ногдуулах шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллага хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг чангаруулсан дэглэм 90 хүртэл хоног үргэлжлэх аж. Тус улсын эдийн засгийн өсөлт шинэ төрлийн коронавирусний улмаас 29 жилийн хугацаанд байгаагүйгээр саарч уналтад оров. Засгийн газраас “Covid-19”-ийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах үүднээс ДНБ-ий 16 орчим хувьтай тэнцэх буюу 320 тэрбум австрали долларын /196 тэрбум ам.доллар/ өртөгтэй хямралын эсрэг хөтөлбөр баталлаа. Хөтөлбөрт цар тахлын улмаас ажилгүй болсон иргэд, байнгын оршин суугчдад 14 хоног тутамд 560-790 австрали доллар 6 сарын турш олгохоор заасан байна. Уг шийдвэр нь тус улсад оюутны болон бусад төрлийн визээр оршин сууж буй гадаадын иргэдэд хамаарахгүй аж.

Филиппин Улсад ядуу болон хүн ам олноор оршин суудаг орон нутгийн иргэд “хоол, хүнсний дутагдалд орж байна” хэмээн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэн жагсаал хийж байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте шаардлага биелүүлэхгүй жагсаж байгаа иргэдийг буудах тушаалыг цэрэг, цагдаагийн алба хаагчдад өгсөн байна.

Тайландын Хаант Улс 04 дүгээр сарын 03-наас эхлэн 22:00-04:00 цагийн хооронд бүрэн хөл хорио тогтоох шийдвэр гаргав. Энэхүү шийдвэр эмнэлгийн ажилтан болон эмнэлгийн автомашины хөдөлгөөнд хамаарахгүй аж. Мөн гадаадаас ирэх зорчигч тээврийн бүх нислэгийг түр хязгаарлах хугацааг 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргав. Тус улсад шинээр илэрч буй тохиолдлуудын ихэнх нь гадаад улсад аялаад ирсэн иргэд байгаа тул ийнхүү сунгасан байна. Тайландын Засгийн газар цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 1.9 их наяд батт буюу 58 тэрбум ам.долларын багцыг баталлаа. Үүнээс 1 их наяд баттыг Сангийн яам бонд гаргаж санхүүжүүлэх бол 900 тэрбумыг Тайландын төв банкнаас гаргана. Мөн түр хугацаанд ажилгүй болсон 9 сая иргэнд 04-06 дугаар сар хүртэл сар бүр 5000 батт бэлнээр олгох шийдвэр гаргаад байсныг сунгаж 09 дүгээр сар хүртэл олгохоор болсон байна. Төв банк өөрийн гаргаж буй 900 тэрбум баттын 500 тэрбумыг жилийн 2 хувийн хүүтэйгээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл хэлбэрээр, үлдсэн 400 тэрбумыг дэд бүтэц, барилга байгууламжийн хөрөнгө оруулалтад зарцуулах аж.

БНЭУ-д “Covid-19” өвчний тархалтыг бууруулах зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоосон ч хэрэгжилт хангалтгүй байна. Хөл хорио тогтоосны улмаас ажилгүйдлийн түвшин 14.6 хувиар өсч, 23.4 хувьд хүрчээ. Тус улсын 21 хоногийн хугацаатай тогтоосон хөл хорио 04 дүгээр сарын 14-нд дуусах бөгөөд халдварын тархалт ихтэй муж, хотуудад энэ арга хэмжээг сунгах магадлалтай байна.

БНСУ-ын ЭМЯ-ны мэдээлснээр “Covid-19”-өөр өвчилсөн хүмүүсийн 83 хувь нь 60-аас доош насны буюу халдвар авах эрсдэл бага гэж үзэж байсан бүлэгт хамаарах иргэд байна. Харин өвчний улмаас нас барсан иргэдийн ихэнхи нь өндөр настнууд аж. Засгийн газраас улсын лабораториудад хийгдэх “Real Time-PCR” шинжилгээний тоог 3 хоног тутамд 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргажээ. Одоогоор тус улсын Эрүүл мэндийн судалгааны зөвлөл /ICMR/-д харьяалагдах улсын лабораториудад өдөрт 10 мянга гаруй шинжилгээ хийж байна. Түүнчлэн сэжигтэй тохиолдолд түргэвчилсэн оношлуур ашиглахын зэрэгцээ сүрьеэгийн шинжилгээ давхар хийх юм байна.

БНЭУ-д 03 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд исламын шашины томоохон хэмжээний цуглаанд оролцсон иргэдийг олж, тусгаарлах ажил орон даяар үргэлжилж байна. Уг цуглаанд 2000 орчим хүн оролцсон бөгөөд тэдгээрийн хавьтал нийт 9000 гаруй хүнийг тусгаарласан. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 30 гаруй хувь нь уг шашны арга хэмжээнд оролцсон хүмүүс байна.

Сүүлийн үед ядуусын хороололд амьдардаг иргэдээс халдвар илэрч, нас барах болсон нь төвлөрөл их, бохир эдгээр хорооллуудад өвчин тархвал тогтоон барих боломжгүйг судлаачид анхааруулсаар байна.

Тус улс “Covid-19”-ийн эмчилгээнд ашиглаж буй “Hydroxychloroquine” эмийн экспортын хоригоо хэсэгчлэн цуцалж, дотоодын хэрэгцээнээс шалтгаалан тодорхой хэмжээнд экспортлохоор болсон байна.

Япон Улс томуугийн эсрэг “Авиган” эмийн үйлдвэрлэлийг ойрын хугацаанд 3 дахин нэмэгдүүлж, нөөцөө өсгөх гэж байна. Ингэснээр өвчний халдвар авсан 700 мянга орчим хүнийг эмчлэх боломжтой болох аж. Тус улсад “Авиган”-г “Covid-19” өвчний эмчилгээнд ашиглахыг хэсэгчлэн зөвшөөрсөн. Уг эм томуугийн вирус биед үржихээс сэргийлэх үйлчилгээтэй юм.

Японы Засгийн газраас 04 дүгээр сарын 07-ноос 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Токио, Осака, Канагава, Сайтама, Чиба, Хёого, Фүкүока хот, мужуудын нутаг дэвсгэрт Онц байдал зарласан. Мөн эдийн засгийн хохирлыг бууруулах, өсөлтийг дэмжих зорилгоор 990 тэрбум ам.долларын багц гаргахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Дэгү хот болон Умард Гёнсан мужид “Covid-19”-ийн халдвар авч, эдгэрсэн 51 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус дахин илэрсэн байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн үзэж байгаагаар эдгээр иргэдийн биед үлдсэн вирус дахин идэвхэжсэн байх магадлалтай бөгөөд шалтгааныг нь нарийвчлан тодорхойлохоор Дэгү хот руу мэргэжлийн баг илгээжээ. Тус улсад “Covid-19”-ийн халдвар авсан өвчтөний 24 цагийн зайтай авсан 2 удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд эдгэрсэн гэж тооцож байгаа аж.

БНСУ-ын “Кореан Эйр” компани нийт ажилчдынхаа 70 хувийг 6 сарын хугацаатай чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Цар тахлын улмаас олон улсын нийт нислэгийн 90 гаруй хувь нь цуцлагдсан тул 04 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 15 хүртэл ийнхүү ажилтнуудаа чөлөөлөхөөр болсон байна. Түүнчлэн удирдах албан тушаалтнуудын цалинг хэвийн үйл ажиллагаанд ортол 50 хүртэл хувиар бууруулахаар болжээ.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчид Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж халдварын голомтод хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой эрх зүйн орчинг бий болгов. Тус улсад “Covid-19” өвчний тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй ч антибиотикийн эрэлт, ялангуяа пенициллиний эрэлт эрс нэмэгдсэн талаар зарим хэвлэл мэдээлж байна. Худалдаа эрхлэгчид эм их хэмжээгээр нөөцөлж, зохиомол хомстол үүсгэж байгаагаас зарим эмийн үнэ сүүлийн хоёр сард 50 хувь нэмэгджээ. Төр засгаас “Covid-19”-ийн эмчилгээнд антибиотик үр дүнгүйг сануулсаар байгаа ч иргэдийн худалдан авалт буурахгүй байна.

Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орон (ОХУ, Армени, Белорусь, Казахстан, Киргиз)-ууд 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сонгино, сармис, манжин, цагаан будаа, гурвалжин будаа, амуу тариа, бүхэл үрийн гурил, шош, наран цэцгийн үр зэргийг экспортлохыг хориглов.

БНКазУ-ын ЭМЯ вирусний халдварыг эмчлэх, шинж тэмдгийг бууруулахад чиглэсэн эмчилгээ бүхий зааврыг БНХАУ-ын туршлага дээр тулгуурлан боловсруулсан бөгөөд үүнд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй бол шингэн зүйл их хэмжээгээр уух, халуурч толгой өвдсөн бол халуун бууруулах эм уух, өвчний зовиур их байгаа тохиолдолд хэвтрийн дэглэм сахих зэрэг нийтлэг, энгийн арга хэмжээг тусгажээ. Мөн ХДХВ/ДОХ-ийн эмчилгээнд ашигладаг “Лопинавир/Ритонавир” зэрэг эмүүд нь SARS-CoV-2-той ижил төстэй вирусний эсрэг үр дүнтэй байсан тул эмчилгээний жагсаалтад оруулсан байна. Вирусний халдварыг бүрэн эмчлэх эмчилгээ байхгүй ч зохих эмийг “off label” буюу эмийн заавраас гадуур, өөр тун, давтамжтайгаар хэрэглэх схемийг ашиглах нь үр дүнтэй гэж үзэж байна. Харин хүнд хэлбэрийн вирусний халдварын үед амьсгалын дутагдалд орох эрсдэлтэй тул амьсгалын аппарат ашиглах шаардлагатай. Одоогийн байдлаар Нур-Султан хотод 44, Алматад 579 ширхэг амьсгалын аппарат бэлэн байгаа бөгөөд энэ нь Казахстаны хувьд хангалттай гэж ЭМЯ үзэж байна.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
2
angry an post
615881
18 эможи
keyboard_arrow_up