Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

КОВИД-19: Орон орны хөл хорионы онцлог

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

БНХАУ-ын Ухань хотод анх дэгдсэн коронавирус өдгөө дэлхий нийтийг хамарсан цар тахал болоод байна. Энэ өвчнийг тархахаас сэргийлэх болон тэмцэхийн тулд улс орон болгон хөл хорио тогтоох зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Итали

Энэ оронд хөл хорио тогтооход хүрсэн анхны  муж нь Ломбард муж бөгөөд халдварт  өвчин тархаах гол цэгийн нэг гэж үзэж байна. Ерөнхийдөө Лоди мужийн 10 хотын 50 мянган иргэнийг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр тусгаарлажээ. Мөн гуравдугаар сарын 9-нд халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг баталсны дараа Италийн Засгийн газар  орон даяар хөл хорио тогтоосноо зарласан байна. Түүнээс гадна ерөнхий сайд Жузеппе Конте  гуравдугаар сарын 21-нд бүх үйл ажиллагааг хааж, зогсоох хатуу арга хэмжээ авч байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Энэ нь их хэцүү шийдвэр. Гэхдээ цар тахлын хүнд үетэй тулахад энэ нь хэрэгтэй гэв.  Тэрээр коронавирусын тархалтыг барих зорилгоор хязгаарлалт болон хөл хорионы хугацааг энэ сарын 3 хүртэл сунгажээ. Гэхдээ өнгөрсөн сарын 14-нөөс зарим газрыг тухайлбал, хүүхдэд зориулсан номын, хувцасны, бичиг хэргийн дэлгүүрийг  нээж ажиллуулахыг зөвшөөрсөн байна. Мөн өнгөрсөн сарын 26-нд Жузеппе Конте  энэ сарын 4-нөөс үйлдвэр, бүтээн байгуулалт, худалдааны үйл ажиллагаа болон хэвийн нөхцөл байдалд нь оруулах зорилготой  хоёр дахь үе шатны төлөвлөгөөг танилцуулсан байна. Түүнээс гадна энэ сарын 4-нөөс  ариун цэврийн болон нэгнээсээ зайтай зогсох арга хэмжээг сахиж, дээд тал нь гэр бүлийн 15 гишүүн нь оролцох оршуулга хийх,  хөл хорионы хугацаагаа дуусгасны дараа гэр бүлийнхэндээ зочилж болох аж. Мөн жижиглэн худалдаа ,музей, номын сан энэ сарын 18-наас ажиллаж эхэлнэ. Харин бар, ресторан ирэх сарын 1 хүртэл хүлээх ёстой гэв. Гэхдээ хийж бэлдсэн хоолоо гэрийн хаягаар хүргэж болох аж.  Мөн хүмүүсийг хийхээр төлөвлөсөн зүйл буюу ажилдаа явах болон шаардлагатай нөхцөлд гадуур гарахыг зөвшөөрнө. Эрүүл ахуй, аюулгүй байдлыг сахисан тохиолдолд  нэг мужид амьдардаг гэр бүл, найз нөхдийнхөө гэрээр очих боломжтой гэв.

Герман

Герман улсад коронавирусын халдвар авсан тохиолдол нэмэгдсээр байна. Гэхдээ  Европ тивийн бусад орноос ялгагдах гол зүйл нь нас барсан хүний тоо нь доогуур байгаа аж. Мөн Засгийн газраас нь бүх худалдааны газар, сургууль, их сургууль, бизнесийн төв болон энэ өвчинтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэхгүй газруудын үйл ажиллагааг зогсоохыг тушаасан байна. Мөн бусад хөрш оронтойгоо адилхан  нэн тэргүүнд шаардлагатай супермаркет болон эмийн сан нь ажиллаж байгаа аж. Түүнээс гадна ажилдаа явах, дасгал бэлтгэл хийхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ иргэдээ хөл хорионд орохыг тулгаагүй байна.  Ингэснээр энэ сарын 3 хүртэл хугацааг нь сунгасан эрүүл ахуйн болон зайгаа барих дүрмийг сахиж мөрдсөн тохиолдолд гадуур гарч болох аж.  “Европ пресс” агентлаг өнгөрсөн сарын 29-нөөс  800 метр квадрат талбайтай номын дэлгүүр, жижиглэн худалдааны газрууд дахин  ажиллаж эхэлнэ гэж мэдээлжээ. Нөгөө талаар ихэнх мужид  өнгөрсөн сарын 27-ноос олон нийтийн унаа, худалдааны газар болон галт тэргээр хол газар явах тохиолдолд амны хаалт хэрэглэх ёстой. Энэ шаардлагыг биелүүлээгүй бол 10 мянга хүртэл еврогоор  торгоно гэв.  Германы канцлер Ангела Меркель олон нийтийг хамарсан үйл ажиллагааг  наймдугаар сарын 31 хүртэл хийж болохгүй гэж мэдэгджээ.

Франц

Харин Францын хувьд иргэд нь их халдвар авсан орнуудын нэг болоод байна.  Францын Засгийн газар энэ халдварт өвчний тархалттай тэмцэхийн тулд өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд иргэддээ хөл хорио тогтоож байгаагаа мэдэгджээ. Эхэндээ 14 хоногоор зарласан ч дараа нь хамгийн багадаа энэ сарын 11хүртэл хугацааг нь сунгахаар шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайд Эдуард Филипп энэ мягмар гаригт хөл хориог цуцлах төлөвлөгөөг танилцуулжээ. Тухайлбал, зарим дэлгүүр, газрууд  энэ сарын 11-нээс ажиллаж эхэлнэ. Гэхдээ бар, ресторан ажиллах хугацаагаа болтол хүлээх хэрэгтэй аж. “Европ пресс” агентлаг  ерөнхий сайдыг энэ газруудыг зургадугаар сарын 2-ноос ажиллуулахаар төлөвлөж байна гэж мэдээлжээ. Номын сан, жижиг музей ажиллаж эхэлнэ.  Харин том театр, музей, кино театрууд, концертын танхим одоогоор ажиллахгүй хэвээр байна. Мөн 5000 гаруй хүн цуглардаг том үйл ажиллагааг есдүгээр сараас өмнө хийж болохгүй аж. Түүнээс гадна  иргэд нь амьдардаг газраасаа дээд тал нь 100 км дотор торгуулахгүйгээр явж болох юм байна. Дэлгүүр болон бусад газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ. Харин  нийтийн тээвэрт амны хаалт  заавал хэрэглэх ёстой аж.

Европын бусад орон

Их Британийн хувьд эхэндээ Засгийн газар хөл хорио зарлах талаар тушаал өгөөгүй ч халдвар авсан хүний тоо нэмэгдсэнээр стратегаа солих шаардлагатай болсон байна. Тиймээс  гуравдугаар сарын 23-нд 21 хоногийн турш  албадан хөл хорио тогтоохыг  тушаажээ.  Их Британийн Гадаад яамны сайд Доминик Рааб энэ арга хэмжээг гурван долоо хоногоор энэ сарын 7 хүртэл сунгана гэж мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Борис Жонсон энэ халдварт өвчнийг тусаад эдгэрч ажилдаа орсныхоо дараа “Түүний Засгийн газар энэ өвчнийг эсэргүүцэхийн тулд баталсан арга хэмжээг цуцлах болоогүй байна” гэж мэдэгдсэнийг “Европ пресс”агентлаг онцолжээ. “Ньютрал” сонины хийсэн судалгаагаар Австри, Бельги, Португаль гэсэн орон бусад оронтой харьцуулахад нас барсан болон халдвар авсан иргэдийн тоо их байгаа учраас хөл хорио зарласан байна. Тухайлбал, Португалийн хувьд  нэг хүн нас барж, 448 хүн халдвар авснаар гуравдугаар сарын 18-нд хөл хорио тогтоож байгаагаа зарлажээ. Харин Засгийн газар өнгөрсөн долоо хоногт 15 хоногоор онцгой нөхцөл байдлын хугацааг сунгахаар шийдвэрлэсэн байна.

Учир нь энэ сар нь халдварт өвчнийг хяналтандаа авахыг  шийдвэрлэх чухал сар гэж ерөнхий сайд Антонио Коста онцолжээ. Мөн Австри улс гуравдугаар  сарын 16-нд 956 хүн халдвар авч,нэг хүн нас барснаар хөл хорио тогтоосон аж. Бельгийн хувьд гуравдугаар сарын 18-нд 14 хүн нас барж,1486 хүн халдвар авсан нь бүртгэгдсэнээр  арга хэмжээ авчээ. Харин Австри улс нь хөл хорионы арга хэмжээг зөөлрүүлж, аажмаар хэвийн байдлаа сэргээхийн тулд  зарласан онцгой байдлаа цуцалж эхэлсэн  Европын анхны орон болсон байна.  Харин АНУ-ын хувьд халдвар авсан болон нас барсан хүний тоогоор тэргүүлж байгаа орон болоод байна. Тиймээс ерөнхийлөгч Доналд Трамп хөл хорионы хугацааг өнгөрсөн сарын 30 хүртэл  сунгаж байгаагаа мэдэгджээ. Мөн өнгөрсөн долоо хоногт хугацааг нь тогтоогоогүй ч зарим  газруудыг  ажиллуулах  гурван үе шаттай төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.1  БААСАН № 86 (6311)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
616716
1 эможи
keyboard_arrow_up