Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна

2020 оны 6 сарын 01

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш тус улс даяар өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна.

"CNN" сувгийн мэдээллээр, АНУ-ын 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа аж. Зарим жагсагч тайвнаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж, дээрэм тонуул хийж байна. Мөн цагдаа нар луу лонх шидсэн, байшин барилга, цагдаагийн машинд гал тавьсан хэрэг олон гарчээ.

Цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа бөгөөд заримыг нь баривчилж байгаа аж. Ойролцоогоор 25 хотын захирагч хүмүүсийг гудамжаар явуулахгүй байхыг үүрэг болгожээ. Мөн зарим мужид эмх замбараагүй байдлыг зохицуулахын тулд Үндэсний гвардын олон зуун цэргийг байршуулсан байна

Майами хотод чулуу, усны сав шидэж буй жагсагчид руу нэгэн цагдаагийн ажилтан резинэн сумтай буугаар буудаж байна

АНУ-д болж буй үйл явдлыг дэлхий нийт харж буй энэ үед эсэргүүцэгчид “шударга ёс, энх тайвныг” шаардан тав дахь өдрөө дараалан жагсаж байна.

Африк-Америк гаралтай Жорж Флойдын нас барсан Миннеаполис хотод нэгэн жагсагч “CNN” сувагт, “Би үндсэн эрхийнхээ төлөө жагсаж байна. Би цагаан арьстнуудын хорооллоор амар амгалан алхдаг болмоор байна. Цагдаа араас минь ирэхэд айдаггүй баймаар байна” гэж ярьжээ.

Сүүлд болсон үйл явдлууд

Нийгмийн сүлжээнд нийтэлсэн нэгэн дүрс бичлэгээс үзэхэд, Нью-Йорк хотын цагдаагийн машин жагсагчдын тавьсан саадыг дайран гарсан байна. Тус хотын захирагч Билл де Бласио ийм үйл явдал болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн боловч цагдаа нар хүнд нөхцөлд ажиллаж байгааг тэмдэглэжээ.

“Индианаполис хотын төвд бямба гаргийн орой болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр гурван хүн бууны суманд өртсөнөөс нэг нь маш хүнд шархадсан” гэж тус хотын цагдаагийн газрын дарга Рандал Тэйлор мэдээлжээ.

Миссури муж улсын Фергусон хотод жагсагчид цагдаагийн газар луу тоосго, чулуу, лонх шидэж, салют буудуулсны улмаас уг барилга сүйдсэн тул ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Фергусон хотод 2014 онд өнгөт арьстай, 18 настай хүү цагаан арьст цагдаад буудуулсны улмаас амиа алдсан юм.

Атланта хотод бямба гарагт болсон жагсаалын үеэр цагдаагийн ажилтан нэгэн жагсагчийг баривчилж байна

Хотуудад шөнийн цагаар хөл хорио тогтоож, Үндэсний гвардын цэргүүдийг байршуулжээ

Миннеаполис хотын захирагч оройн 20 цагаас хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан боловч эсэргүүцэгчид гудамжинд жагссан хэвээр байна. Үндэсний гвард тус хот руу 10800 цэргээ илгээж буйгаа мэдэгджээ.

Нэшвилл хотод оройн 22 цагаас хөл хорио тогтоож, захирагч Жон Купер онцгой байдал зарлаж, цагдаа нар догширсон жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацжээ. Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр, жагсагчид шүүхийн барилгад гал тавьсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617484
2 эможи
keyboard_arrow_up