ОХУ-ын их, дээд сургуулиудыг танхимын хичээл харилцан хилээ нээсэн 15 улсын оюутнуудад хамааралтай
ОХУ-ын их, дээд сургуулиудыг танхимын журмаар хичээллүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэр нь орос оюутнууд болон ОХУ-тай харилцан хилээ нээсэн 15 улсын оюутнуудад хамааралтай болохыг тус яамнаас мэдэгджээ.
Эдгээр орны оюутнууд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны визийн урилгыг үндэслэн тухайн оронд суугаа ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газраас виз авсны үндсэн дээр хилээр нэвтэрч байгаа юм.
Танхимаар хичээллэх тухай шийдвэр нь ОХУ-тай харилцан хилээ нээгээгүй улс орнуудын иргэдэд огт хамааралгүй тул манай улсын оюутнуудад визийн урилга одоогоор ирүүлэх боломжгүйг мөн мэдэгджээ.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны шийдвэрт ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг гадаадын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр хичээллүүлэх талаарх шаардлага тусгаагүй. Ямар ч их, дээд сургууль дээрх шийдвэрийг давж, ОХУ-тай хилээ харилцан нээгээгүй улс орнуудын оюутнуудыг заавал танхимын дэглэмээр суралц гэх шаардлага тавьж албадах эрхгүй. Хэрэв ийм төрлийн асуудал монгол оюутнуудад тулгарч байгаа бол Улаанбаатар хот дахь Оросын хэл, соёлын төвд хандаж асуудлыг тавьж болохыг зөвлөжээ.
ОХУ дахь цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, халдварын дэгдэлт эрчимтэй буурах хандлага ажиглагдаж буй тул цаашид хөрш зэргэлдээ орнуудын оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд тавих бөгөөд тодорхой шийдвэр гармагц цаг тухайд нь мэдэгдэхээ ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд мэдэгдээд байна.
Цар тахлын улмаас эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудад дараах шаардлагыг тавьж байна.
- ОХУ-ын их, дээд сургуулиудын өдрийн ангийн хичээл энэ оны 2 дугаар сарын 8-наас эхлэн танхимын сургалтад шилжих боломжтой болсонтой холбогдуулан сургууль бүр өөр өөрсдийн нөхцөл байдалд зохицуулан сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тул өөрийн суралцаж буй сургуультай холбогдож нарийвчилсан зааварчилгаа авах,
- ОХУ-ын их, дээд сургуулиудын зарим нь танхимын сургалтад бүрэн шилжиж байгаа бол зарим нь танхимын болон зайн сургалтыг хослуулан явуулж байгаа бөгөөд эх орондоо байгаа оюутнуудад нэгдүгээрт, зайн сургалтад хамрагдах өргөдлийг сургуулийн захиргаанд гаргах, хоёрдугаарт, зайн сургалтад хамрагдах боломжгүй бол жилийн чөлөө авахыг хүсэх зэрэг нийтлэг шаардлага тавьж байгаа ажээ.
Манай улсаас ОХУ-ын их, дээд сургуулиудад 3000 орчим оюутан суралцдаг бөгөөд ОХУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын нэг орчим хувь, эх орондоо буцаад байгаа гадаадын оюутнуудын гурав хүрэхгүй хувийг эзэлж байна.
Монгол оюутнуудын 90 гаруй хувь нь одоогоор, өөрийн хүсэлтээр эх орондоо ирээд байгаа юм.