Жо Байден: Америк дахин урагшилж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын хоёр танхимд анхны илтгэлээ тавилаа.
АНУ-ын Ерөнхийлөгчийн жил бүрийн илгээлтийнх үеэр конгрессын танхимд 1500 орчим зочин цугладаг ч цар тахлын улмаас Цагаан ордны тэргүүнийг 200 гишүүн л танхимд сууж сонссон байна.
"Ердөө 100 өдрийн дараа та бүхэнд үүнийг хэлж чадаж байна. Америк дахин эргэн ирж байна, Америк дахин урагшилж байна" хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Байдены илгээлтийн гол сэдэв нь АНУ-ын дотоод асуудал байлаа. Тухайлбал, эдийн засгийг дэмжих, цагдаагийн хүчирхийлэл болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх, улс оронд зэвсэг ашиглалтад тавих журмыг чангатгах зэрэг асуудлуудыг хөндсөн байна.
Байден хууль тогтоогчдод хандан "Америк гэр бүлийн төлөвлөгөө" нэртэй, 1.8 их наяд долларын төслийг нь дэмжихийг хүсчээ. Энэ төлөвлөгөөний дагуу Холбооны эрх баригчид 225 тэрбум долларыг хүүхдийн эрүүл мэнд, дахин 225 тэрбум долларыг жирэмсэн болон өвчний улмаас ажлаас цалинтай чөлөө авахад тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд, харин 200 тэрбумыг олого багатай иргэдийн эмнэлгийн даатгалыг төлөхөд зарцуулах юм байна. Мөн 200 тэрбумаар үнэ төлбөргүй хүүхдийн цэцэрлэгүүд байгуулах бол 109 тэрбум долларыг бүхий л америкчууд орон нутгийн коллежд хоёр жил үнэ төлбөргүй боловсрол эзэмшихэд зарцуулахаар төлөвлөжээ.