ОХУ-ын Элчин сайд Вашингтон руу буцаж, үүрэгт ажилдаа оржээ
ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов ням гарагт Вашингтон руу буцаж, үүрэгт ажилдаа орсон тухай АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "ABC News" сувагт ярилцлага өгөхдөө тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсоных нь хариуцлагыг Оросын удирдлагад хүлээлгэх ёстой гэж мэдэгдсэний дараа хүнд хэцүү цаг үеийг туулж буй Орос-Америкийн харилцаа улам дордсон юм. Цагаан ордны тэргүүн мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг "алуурчин" гэж үзэж байгаа эсэхийг асуухад "ТИЙМ" хэмээн хариулсан. Үүнээс болж АНУ, ОХУ-д суугаа хоёр улсын элчин сайд нар нутаг буцсан байна.
Харин зургадугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болж, Путин, Байден нар Элчин сайд нараа буцаахаар тохиролцсон юм.
Одоогийн байдлаар АНУ-ын Элчин сайд Жон Салливан Москвад хэзээ эргэж ирэх талаар Төрийн департамент болон Цагаан ордон одоогоор мэдээлэл өгөөгүй байна.