Ази тив рүү аялж яваа Британийн тэнгисийн флотын хамгийн том хөлөг дээр коронавирусийн халдвар дэгджээ
Их Британийн тэнгисийн флотын хамгийн том байлдааны хөлөг болох HMS Queen Elizabeth-ийн тэргүүлсэн “Carrier Strike Group 21” нэртэй цохилтын бүлэг Ази тивийг чиглэсэн урт аяллынхаа замд коронавирусийн цар тахалд нэрвэгджээ.
Британийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг хөлгийн бие бүрэлдэхүүний бараг тал нь коронавирусийн халдвар авсан байна.
HMS Queen Elizabeth-ээс гадна есөн байлдааны хөлөг оролцсон цохилтын бүлэг Газар дундын тэнгис, Энэтхэгийн далайгаар дамжин Зүүн Азид хүрэх 42,000 км-ын урт аялал хийж байгаа юм.
Бүлэгт нийт 3,700 орчим бие бүрэлдэхүүн ажиллаж байгаагаас 1,600 нь HMS Queen Elizabeth хөлгийнх юм байна.
Carrier Strike Group 21
Хөлгүүд долдугаар сарын эхээр Газрын дундад тэнгисийн Кипр арал улсын Лиммасол боомтод таван өдөр саатах үеэр коронавирусийн эхний тохиолдол бүртгэгджээ.
Энэ үеэр HMS Queen Elizabet хөлгийн зарим усан цэргүүдийг боомтод газардахыг зөвшөөрсөн бөгөөд Кипр улсын ерөнхийлөгч Никос Анастасиадес хөлөгт зочилж байсан гэнэ. Газардсан усан цэргүүдийн 100 гаруйгаас нь сүүлд коронавирусийн халдвар илэрсэн байна.
“Манай хөлгийн бүх бие бүрэлдэхүүн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан тул ноцтой хүндрэл гараагүй. Тиймээс бид асуудлыг өөрийн нөөц бололцоогоор шийдээд аяллаа цааш үргэлжлүүлэх болно” гэж Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос өчигдөр мэдэгджээ.
Кипр улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн Дельта хувилбар өргөн тархаж, цар тахлын дөрөв дэх давалгаа эхлээд байгаа юм. Мягмар гарагт тус улсад халдварын 1,081 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Кипр улсад сүүлийн байдлаар нийт 86,185 халдварын тохиолдол бүртгэгдэж, 382 хүн нас бараад байна.
“Carrier Strike Group 21” цохилтын бүлэг дэлхийн 40 улсын боомтод зочлохоор төлөвлөсөн бөгөөд уг аялал нь энхийн цагт гүйцэтгэсэн Их Британийн тэнгисийн флотын хамгийн том ажиллагаа болж байгаа гэнэ.