АФГАНИСТАН: Хазара Монголчуудад хэн туслах вэ?
Олон улсын IntelliNews сайтад Афганистан дахь Хазара Монголчуудын тухай мэдээ нийтлэгджээ. Тус нийтлэлээс та бүхэнд орчуулан хүргэж байна.
Хазара Монголчууд бол Афганистанд хамгийн их дарангуйлал, ялгаварлан гадуурхалтад өртдөг угсаатан юм. Харин өнөөдөр Хазарачууд Талибуудаас айн өдөр хоногийг өнгөрөөж байна. Олон Хазара хүмүүс Монголын засгийн газар өөрсдөд нь тусална хэмээн итгэл өвөртлөн сууна.
Афганистаны Кабул хотод нэг сая гаруй Хазара хүн амьдардаг бөгөөд тэд хазараги аялгуугаар ярьдаг ч, томоохон хотуудад амьдардаг ихэнх Хазарачууд Афганистаны үндэсний Дари болон Паштун хэлээр ярьдаг.
Талибууд Афганистаныг эзлэхээс өмнө Хазара хүүхдүүд бусдын адил сургуульд сурч, зарим нь өөрсдийн хазара сургуульд явдаг байлаа.
Тэртээ 1880 – 1901 оны хооронд Афганистаны Абдур Рахман Хан хэдэн зуун мянган Хазара хүмүүсийг хороож, боол болгож байв. Түүнчлэн Талибууд өдөр бүр Хазара иргэд рүү бөмбөг хаяж, дайрдаг гэв. Харин АНУ-ын цэргүүд Афганистанд ирснээр Хазара хүмүүсийн амьдралд нар манджээ.
Кабул хотод амьдардаг 18 настай Хазара охин: “Америкчууд энд байхад амьдрал илүү дээр байсан. Бид сургуульд явж, ажил хийж цалин авдаг байсан”
Талибууд болон Аль Кайда алан хядагч бүлэглэл мянга мянган Хазара хүмүүсийг хөнөөж, тэр бүү хэл Хазара хүмүүсийн төрөх эмнэлэгт бөмбөг хаяж улмаар 24 хүн амь эрсэдсэн түүхтэй.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хазара хүмүүс ялгаварлан гадуурхагдаж, дайралтад өртөж буй талаар ихээр мэдээлдэг ч бодит амьдрал дээрх Хазара хүмүүсийн зовлон шаналал, айдас газар доор дарагдан үлдэж буй.
20 настай Хазара охин Салиха: “Өдөр бүр 3 – 4 Хазара хүн бусдын гарт амиа алддаг. Америкчууд байхад бид эрх чөлөөтэй байсан. Харин Талибууд ирснээс хойш эрх чөлөөгүй болж, ажил хийж цалин авах боломжгүй болсон. Хэрэв хүмүүс цалингүй бол яаж хоолоо олж идэх юм бэ?”
Салиха багш мэргэжилтэй бөгөөд Талибууд түүний мөрөөдөл, амьдралыг тэр чигт нь үгүй хийсэн юм. Эмэгтэйчүүд гэрээсээ гарахад Талибууд “Гэртээ харь!” хэмээн тушаадаг гэв. Түүнчлэн эмэгтэйчүүд өөрсдийн эрхийн төлөө Талибуудын эсрэг жагсаал хийсэн ч тэд хүч хэрэглэн зогсоожээ.Ийнхүү олон сая Хазара хүмүүсийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Хазарачууд: “Бидэнд Монгол руу явах боломж олгооч. Бид ч гэсэн адилхан монгол хүмүүс. Монголчууд цөөхөн хүн амтай учир чадвартай ажиллах хүчин тэдэнд хэрэгтэй. Хазара хүмүүс үүнд тохирно. Монголын Засгийн газар Афганистанд болж буй нөхцөл байдлыг харж бидэнд туслахыг хүсэж байна”
Эх сурвалж: intellinews.com
|