Швейцараас Монголд илгээсэн ачаанаас ХАР ТАМХИ илэрчээ
Беларусын Брест хотын хилчид хүүхдийн тоглоом дунд нуусан хар тамхи илрүүлсэн байна.
Тодруулбал, Швейцараас Монгол руу ачаа тээж явсан "Волво" машиныг Козловичи боомтын дэргэд зогсоон шалгасан бөгөөд энэ үеэр гаалийн байцаагчид албаны нохойн тусламжтайгаар ургамлын гаралтай бодис илрүүлжээ.
Тухайн ачааны машин хүүхдийн хувцас, гутал, тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон хүнс зөөж явсан бөгөөд нарийвчилсан үзлэгээр цаасанд боосон сэжигтэй зүйл ийнхүү илэрчээ.
Уг бодисыг шүүх эмнэлгийн шинжилгээнд илгээхэд гашиш гэдэг нь батлагдсан байна. Нийт 90 грамм жинтэй гашишийг хураан авч, Брест хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.
Тухайлбал, Беларусын Бүгд Найрамдах Улсын Эрүүгийн хуулийн 328-1-т зааснаар тухайн этгээдэд долоон жил хүртэл хорих ял оногдуулдаг аж.