Орос улс Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлагдсан Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрч, тус улсуудад энх тайван тогтоох үүргийг Батлан хамгаалах яамандаа өглөө.
Өчигдөр болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр тэрээр дээрх шийдвэрийг гаргажээ. Ийнхүү Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрсөн цорын ганц улс ОХУ болоод байна.
Эдгээр мужууд 2014 онд Украинд гарсан Майданы хувьсгалын дараа Киевийн засаг захиргаанаас гарч байгаагаа зарласан ч дэлхийн ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан юм.
Мөн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд гарын үсэг зурсныхаа дараа Путин ОХУ-ын цэргийг энхийг сахиулах үүрэгтэйгээр Донецк, Луганск руу илгээх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Кремлийн вэбсайт дээрх холбогдох тогтоолуудад дурдсан байна.