Үдэшлэг дээр 90 гаруй удаа гал нээж, хоёр хүүхэд амь эрсэджээ
АНУ-ын Пенсильвани мужийн Питсбург хотод өнгөрсөн долоо хоногийн бямбаас ням гарагт шилжих шөнө үдэшлэгийн үеэр буудалцаан болжээ. Буудалцааны үеэр 17 настай хоёр эрэгтэй хүүхэд амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж шархадсан байна.
Хотын цагдаагийн албаны мэдэгдсэнээр үдэшлэгт 200 орчим зочин оролцсоны ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Гэрчүүдийн хэлснээр 90 гаруй удаа буун дуу сонсогдсон байна. Цагдаа нарыг үдэшлэг дээр ирэх үед хэд хэдэн залуу хэргийн газраас зугтаажээ.
Мөрдөгчид буудалцаан болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Буудалцааны 60 орчим хувь нь байшин дотор, үлдсэн нь гадаа болсон гэж гэрчүүд ярьжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд улаан өндөгний баяр тэмдэглэж, гэр бүл, найз нөхдүүд АНУ даяар олон тооны үдэшлэг зохион байгуулсан. Питсбургээс гадна өөр хэд хэдэн газарт үдэшлэгийн үеэр үймээн самуун гарчээ.
Питсбург хотод улаан өндөгний баяраар гарсан буудалцааны улмаас даваа гарагт нийтийн сургуулиуд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болжээ.