Унгарын анхны эмэгтэй Ерөнхийлөгч тангаргаа өргөжээ
Унгар улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Каталин Новак тавдугаар сарын 14-ний өдөр тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо.
Өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд Унгарын парламент Каталин Новакийг шинэ Ерөнхийлөгчөөр сонгож, эрх баригч ФИДЕС намаас нэр дэвшигч тэрбээр энэ албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй болсон билээ.
Каталин Новак нь өмнөх Ерөнхийлөгч Янош Адерийг залгамжилж байгаа бөгөөд ирэх таван жил төрийн тэргүүнээр ажиллах юм. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд нам хоорондын зөрчилдөөнөөс ангид байхаа амлажээ.
Өдгөө 44 настай Каталин Новак нь Унгар улсын Сегед хотод төржээ. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд франц, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг тэрбээр Корвинусын Их сургуулийг эдийн засагч, Сегедийн Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ.