БНАСАУ-д хоногийн дотор өндөр халуурсан 134 мянган өвчтөн ШИНЭЭР бүртгэгджээ
БНАСАУ-д өнгөрөгч нэг хоногийн дотор өндөр халуурсан 134 мянган хүн шинээр бүртгэгдсэн, нас баралт гараагүй гэж Умард Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээллээ. Нийт өвдсөн хүний тоо 2 сая 940 мянга гаруй болсон гэж мэдээнд дурдсан байна.
Умард Солонгос улсад коронавирусний халдварын тохиолдлууд илэрсний улмаас хамгийн богино хугацааны дотор “хорлонт цар тахлын” тархалтыг зогсоож, “халдварын эх үүсвэрийг устгах” үүднээс удирдагч Ким Жон Уны тушаалаар бүх хот, тосгонд “тахлын эсрэг онц байдлын дээд түвшний систем”-ийг ажиллагаанд оруулсан гэж мэдээлж байсан юм. 4 дүгээр сарын сүүл үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд өндөр халуурсан шинж тэмдэг бүхий 2 сая 940 мянган хүн бүртгэгдсэнээс 2 сая 540 мянга нь буюу 86,4 хувь нь эдгэсэн, өөр 400 мянгаад нь эмчлэгдэж байгаа мэдээтэй байна.
Тэдгээр өндөр халуурсан өвчтөнүүдийн чухам хэд нь "Ковид-19"-өөр өвчилсөн тухай нарийн мэдээлэл харин байхгүй байна. Өнөөдрийн байдлаар нас барсан нийт хүний тоо 68 болсон, эдгээрийн наанадаж нэг тохиолдол нь коронавирусний “Омикрон” хувилбар гэдэг нь батлагдсан гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун даваа гарагт нэгэн өндөр албан тушаалтны оршуулгын ёслолд оролцсон тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд дамжуулжээ.
2011 оны сүүлээр Ким Жон Уны эцгийг нас барахаас өмнө болон дараа нь түүнийг эцгийнхээ халааг залгамжлах замналд чухал үүрэг гүйцэтгэсэн Солонгосын ардын армийн маршал Хён Чол Хэгийн оршуулгын ёслолд Ким оролцсон гэж Солонгосын албан ёсны төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. Тэр мэдээлэлд хавсаргасан гэрэл зураг дээр, оршуулгын ёслолд оролцож буй бүх хүн бүгд амны хаалттай, Ким Жон Ун ганцаараа амны хаалтгүй байгаа нь харагдаж байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
|