Афганистан улсад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 1000 гаруй хүн амиа алджээ
Өчигдөр буюу 22-ны орой Афганистаны зүүн хязгаарт 6.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж 1000 гаруй хүн амиа алдан, 1500-гаад хүн гэмтжээ. Газар хөдлөлтөд Афганистаны зүүн өмнөд Пактика муж хамгийн их нэрвэгдсэн бөгөөд одоогоор НҮБ яаралтай тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Газар хөдлөлтийн төв нь Пакистаны хилийн ойролцоо Хост хотоос 44км зайд, газрын гадаргаас 10 км гүнд байсан бол чичиргээ нь Пакистан, Энэтхэг хүртэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомттой ойролцоох тосгодууд бүрэн сүйрсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид өсөх магадлал өндөр байгаа аж. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи: “Засгийн газар ард түмэнд шаардлагатай хэмжээгээр туслах санхүүгийн боломжгүй. Тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Учир нь сүүлийн арван жилд энэ хэмжээний газар хөдлөлт тохиолдоогүй” хэмээн мэдэгджээ.