Нэнси Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд айлчилсан АНУ-ын ХАМГИЙН ӨНДӨР албан тушаалтан боллоо
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын заналхийллийг үл харгалзан мягмар гарагт Тайваньд хүрэлцэн очлоо. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд Хятад улс цэргийн өдөөн хатгалгаар хариу арга хэмжээ авч болзошгүйг Цагаан ордон анхааруулж байв. Харин Хятад улс одоогоор Тайванийн эргэн тойронд цэргийн сургууль эхлүүлснээ зарлаад байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын нисэх онгоц мягмар гаргийн орой Тайванийн нийслэл Тайбэй хотод газарджээ. Түүнийг хүрэлцэн ирснийг албан ёсоор зарлаагүй юм.
Н.Пелосигийн сууж явсан тусгай онгоц арал руу шууд нисдэг чиглэлийн оронд Малайзын нийслэл Куала-Лумпураас хөөрч, Индонезын агаарын орон зайгаар өнгөрч, дараа нь Филиппинээс зүүн зүгт Номхон далайн талаас Тайваньд газардсан байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын онгоц ийнхүү Хятадын “Шаньдун”, “Ляонин” хэмээх нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоц нэгэн зэрэг үүрэг гүйцэтгэж буй Өмнөд Хятадын тэнгисийн дээрх орон зайг тойрч гарчээ.
Тайваниас зүүн өмнөд зүгт мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч цөмийн хөлөг болох “USS Ronald Reagan” ("Рональд Рейган") тэргүүтэй нисэх хүчний цохилтын бүлэг байрлаж байгаа юм.
Хятадын Гадаад хэргийн яам /ГХЯ/ Н.Пелосиг ирсэнтэй холбогдуулан эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. "Хятадын засгийн газар болон ард түмний үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тууштай шийдэмгий, хүчтэй хүсэл зориг, чадварыг хэн ч дутуу үнэлэх ёсгүй" гэж тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
Н.Пелосигийн сууж явсан онгоц Тайбэйд буусны дараахан Хятадын байлдааны нисэн онгоцууд Тайванийг чиглэн нисэж байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Үүний дараахан Хятадын цэргийнхэн Тайванийн ойролцоо удахгүй хэд хэдэн цэргийн ажиллагаа явуулна гэж телевизээр мэдэгдсэн ч хэсэг хугацааны дараа “Синьхуа” агентлаг эдгээр нь сургуулилалт болохыг тодруулжээ.
Энэ нь Америкийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг өндөр албан тушаалтан 1991 оноос хойш Тайваньд хийж буй анхны айлчлал юм.
Хятад улс салан тусгаарласан газар нутаг гэж үздэг тус аралд айлчлах Н.Пелосигийн төлөвлөгөө Бээжингийн уур хилэн, заналхийллийг төрүүлсний зэрэгцээ энэ айлчлалыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Н.Пелоси хоёрын хооронд тодорхой зөрчил буйг харуулсан.
Хятадын эрх баригчид энэ айлчлалаас татгалзахыг Вашингтонд удаа дараа анхааруулсан юм.
"Манай Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь Америк ардчилсан Тайванийг тууштай дэмжиж байгаагийн илрэл юм. Өнөөдөр дэлхий ертөнц автократ, ардчилал хоёрын аль нэгийг сонгох сонголтын өмнө тулгараад байгаа энэ үед Тайванийн 23 сая ард түмэнтэй Америк эв санааны нэгдэлтэй байгааг харуулах нь урьд өмнө хэзээ ч байгаагүй чухал юм" гэж Н.Пелоси онгоцноос буусныхаа дараа мэдэгджээ.
Н.Пелоси мягмар гарагт Малайзад айлчилсан бөгөөд өмнөх өдөр нь Азийн орнуудад хийх айлчлалаа Сингапураас эхлүүлсэн. Түүнийг мөн Өмнөд Солонгос, Японыг зорино гэж ажлын албанаас нь мэдэгдсэн ч Тайваньд айлчлах талаар дурдаагүй юм.
Энэ айлчлалын талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга лхагва гаргийн үдээс хойш Тайванийн олон нийтийн зүтгэлтнүүдийн цөөн тооны төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ. Уулзалт Шинэ-Тайбэй хотын Хүний эрхийн үндэсний музейд болох юм байна. Тайванийн мэдээллийн агентлагаас мэдээлэхдээ, Н.Пелоси лхагва гарагт Ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзахаас гадна парламентад зочилж, үдээс хойш Тайванийг орхин явна гэжээ.