Хятадын тал Тайванийн ойролцоо ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТ хийхээр болсноо МЭДЭГДЛЭЭ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өчигдөр Тайваньд очсон. Пелосигийн айлчлалыг Хятад эсэргүүцэж, хэрвээ очсон тохиолдолд таагүй үр дагавар дагуулахыг анхааруулж байв. Гэвч Пелосиг газардсаны дараа Хятадын тал мэдэгдэл хийж, Тайванийн ойролцоо цэргийн сургуулилалт хийхээр болсноо зарлалаа.
БНХАУ-ын ГХЯ-наас Пелосигийн айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, "Хятадын засгийн газар, ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрс шийдэмгий чанар, хүсэл зориг, чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй" гэжээ.
Пелосиг Тайпэй хотноо ирэхэд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын цэргийн онгоцнууд Тайванийг чиглэн нисэж байна гэж мэдээлэв. Үүний дараа ойрын хугацаанд /мягмар гарагаас/ Тайванийн ойролцоо хэд хэдэн удаагийн ажиллагаа явуулна гэж мэдээлсэн ч удалгүй Синьхуа агентлаг "цэргийн сургуулилалт хийнэ" хэмээн тодотгосон байна.
Тайванийн Батлан хамгаалах яам мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ "дайсны заналхийлэлд" зохих ёсоор хариу өгөх болно гэжээ. Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Шямэнь хотын оршин суугчид мягмар гарагт хуягт машинууд их явж байгааг мэдээлж, гэрэл зургуудыг нь интернэтэд нийтэлсэн байна.