Умард Солонгос ОХУ-ыг зэвсгээр ХАНГАЖ байна
ОХУ-ын Батлан хамгаалахын яам Умард Солонгосоос пуужин, их бууны сум үлэмж хэмжээгээр худалдан авсан тухай АНУ-ын тагнуулын газраас мэдээллээ.
Украйны эсрэг дайнд ашиглахаар өнгөрсөн наймдугаар сард Иранаас худалдан авсан Оросын цэргийн дронд техникийн гэмтэл учирсан тухай мэдээллийг мөн тагнуулын тайланд дурджээ.
Олон улсын зүгээс үргэлж шахалт амсаж байдаг Умард Солонгос зэр зэвсгийн нийлүүлтээрээ ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхээр зорьж байна гэж ажиглагчид үзэж буй. Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг сэргээн босгох ажиллагаанд Умард Солонгос барилгын ажилчдаа илгээхэд бэлэн байгаагаа ч илэрхийлжээ. БНАСАУ нь Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь барууны орнуудын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа билээ.