Хараагүй ахмад настныг дээрэмдсэн 26 настай Монгол залуу Хонг Конгт баривчлагджээ
Хонг Конгийн цагдаагийн байгууллага метроны буудал дээр "Харааны бэрхшээлтэй өндөр настанг дээрэмдсэн байж болзошгүй" гэх үндэслэлээр 26 настай монгол залууг баривчилжээ.
Тухайн сэжигтэй монгол залуу тус хотод түр оршин суух зөвшөөрөлтэй байгаа бөгөөд өндөр настныг дээрэмдэхээс хэдхэн цагийн өмнө өөр нэг дэлгүүрээс хулгай хийсэн хэрэгт сэжиглэж байгаа аж.
Хэргийн талаар Хонг Конгийн зүүн дүүргийн байцаагч Жулиан Леунг хийсэн мэдэгдэлдээ, “Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй нь Хонг Конгийн "Fortress Hill MTR" буудалд 67 настай хараагүй эрэгтэйн цүнхийг дээрэмдсэн нь камерт бичигдсэн.
Хохирогчийн цүнхэнд гар утас болон 3500 хонконг доллар (448 ам.доллар) бүхий бэлэн мөнгө, иргэний үнэмлэх нь байсан. Хэргийн сэжигтэн нь Хонг Конгод оршин суухыг зөвшөөрсөн түр үнэмлэхтэй байсан” гэж мэдэгджээ.