Өмнөд Солонгос улсын нэг хүн амтай өрхийн тоо 10 сая давлаа
Азийн өндөр хөгжилтэй улсуудад гэрлэлт болоод төрөлт багасаад буй талаар тухайн улсын эрх баригчид нь мэдээлээд байгаа билээ. Тэгвэл Өмнөд Солонгос улсад нэг ам бүлтэй өрхийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрсэн талаарх мэдээлэл гараад байна. Энэ оны 2-р сарын байдлаар нэг ам бүлтэй өрхийн тоо 9,981,702 байсан бол гуравдугаар сард энэ тоо 10,021,413 болж өссөн байна.
Нэг ам бүлтэй өрх 10 сая давсан нь Өмнөд Солонгосын нийт 24 сая өрхийн 41.8 хувийг эзэлж байгаа юм.
Үүнийг насны ангиллаар авч үзвэл 60-69 насныхан хамгийн олон буюу 1.85 сая нэг ам бүлтэй өрхийг бүртгүүлсэн байна. Дараагаар нь 30-39 насны ганц бие хүмүүсийн 1.68 сая өрх бүртгэгдсэн байна.
Бүс нутгаар нь авч үзвэл Гёнги муж, нийслэл Сөүл орчимд хамгийн олон буюу тус бүр 2.25 сая, 2 сая ганц бие өрх байна гэсэн статистик гарчээ. Энэ оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын хооронд хоёр ам бүлтэй айл өрхийн тоо 5.89 саяас 5.91 сая болж нэмэгдсэн бол дөрвөн ам бүлтэй өрхийн тоо 3.12 саяас 3.11 сая болж буурсан байгаа юм.
Ганцаар амьдардаг өндөр настны тоо, гэр бүл бололгүй ганц биеэр амьдардаг залуусын тоо нэмэгдсэн нь ганц ам бүлтэй өрхийн тоо нэмэгдэхэд нөлөөлснийг эрх баригчид тайлбарлажээ.
Эх сурвалж: www.koreatimes.co.kr
|