Трампын зочид буудлын гадаа Tesla-гийн машин дэлбэрчээ
Лхагва гарагт АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хот дахь 64 давхар өндөр “Trump International Hotel” зочид буудлын гадаа “Tesla” компанийн “Cybertruck” загварын цахилгаан автомашин дэлбэрсэн тухай хотын цагдаагийн газрын дарга Кевин Макмэхилл мэдээлжээ.
Уг машин зочид буудлын автомашины зогсоолд орж ирсний дараа дэлбэрсэн бөгөөд жолооны ард сууж явсан хүн амиа алдаж, хажуугаар нь өнгөрч явсан долоон хүн хөнгөн бэртжээ.
Яг юунаас болж дэлбэрэлт болсныг хараахан тогтоогоогүй байна. ABC сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, машинд тэсрэх аюултай пиротехникийн хэрэгсэл байжээ. Мөн машины литийн батерейнд гал гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа тухай өөр нэг эх сурвалж ярьсан байна.
“Cybertruck” пикап машиныг Илон Маскийн “Tesla” компанид үйлдвэрлэдэг. Компанийн удирдлага дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байна гэж И.Маск X хуудсандаа бичжээ. “Бид ямар нэг зүйлийг мэдсэн даруйдаа нэмэлт мэдээллийг өгнө. Ийм зүйл бидэнд хэзээ ч тохиолдож байгаагүй" гэж И.Маск бичсэн байна.
Эх сурвалж: CNN
|