Лос Анжелес хотын түүхэнд хамгийн их хохиролтой түймэр болж байна
Лос-Анжелес хотод гараад буй ой хээрийн түймэр Америкийн кино үйлдвэрлэлийн гол цөмд хүртэл дэгдэж, Холливудын толгод галд автжээ.
Хуурай, хар салхины улмаас гал түймэр унтраахад саад болж, 100 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон бөгөөд харамсалтай нь таван хүн галын улмаас амь үрэгджээ.
Галд өртөөд буй хэсэгт амьдардаг байсан кино одод болон алдартнуудын гэр нь дэлхийн хамгийн тансаг үл хөдлөх хөрөнгө бөгөөд дэлхийн шоу бизнесийн дурсгалт газрууд галд автах эрсдэл бий болоод буйг эх сурвалжууд мэдээлсээр байна.
Түүнчлэн Лос Анжелес дахь Холливүүдийн оддын байшин шатаж, сүйдсэн хэмээн мэдээлж байна. Тухайлбал Парис Хилтон Малибу дахь гэр нь шатаж байгааг телевизийн шууд дамжуулалтаар мэдсэн гэв.
Түймрийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.
Лос Анжелес болон ойролцоох бүс нутгийн таван газарт түймэртэй байна. Түймрийн хамгийн том голомт нь Палисэдс хотод байгаа бөгөөд 69.6 км.кв талбай галд өртөөд байна.