Д.Трампын тангараг өргөх ёслолд Маск, Цукерберг, Безос нар оролцоно
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Tesla, SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нар оролцоно гэж NBC телевиз мягмар гарагт мэдээлжээ.
Тэд засаг захиргааны төлөөлөгчид, албан тушаалтнуудын дэргэд индэр дээр сууна гэж тангаргийн ёслолын талаар мэдээлэл бүхий эх сурвалж NBC-д ярьсан байна.
Д.Трампын тангараг өргөх ёслолд эдгээр нөлөө бүхий тэрбумтнууд оролцох гэж байгаа нь технологийн салбарын удирдлагууд шинэ ерөнхийлөгчтэй богино хугацаанд таатай харилцаатай болсныг илтгэж байна.
Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Ж.Безос “Washington Post” сонины эзэмшлийн талаар, мөн “Amazon” болон АНУ-ын Шуудангийн алба хоорондын харилцаа, татварын хэмжээ зэрэг асуудлаар Ерөнхийлөгчтэй байнга зөрчилдөж байсан юм.
М.Цукербергийн хувьд цагаачлал, ташаа мэдээлэлтэй холбоотойгоор санал зөрөлддөг байв.